Нарантуул захынхны "нийгэмшээгүй" амьдрал


Намрын эхэн сар хэдийнэ гарсан энэ үед “Нарантуул” захыг зорилоо. Хаалгаар нь ормогц л “Тор аваарай” хэмээн орилж угтдаг бараан захын амьдрал өдийд ид бужигнаж байв. Өвлийн улиралд бол лангууны ард зогсож буй наймаачид бүгд л гутал, хувцасаа хэрэндээ л зузаалж өмссөн харагдавч хөлөө хооронд нь хавсарч, бээрсэн гараа амнаас гарах уураараа дулаацуулах нь ихээр даарч байгааг нь бүрэн илтгэдэг. Тэд жилийн дөрвөн улирлын ааш, аяг ажиллаж буй орчин нөхцлийнхөө юунд ч бөхийлгүйгээр амьдралынхаа төлөө хөдөрмөрлөдөг хүмүүс.
Судалгаагаар эдгээр иргэдийн 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд ойролцоогоор 40-50 насны орчим хүмүүс байх аж. Тэд манай улсын эдийн засгийн тодорхой хувийг бүрдүүлдэг гэх. Түрээслэгчид олсон орлогоосоо банкинд зээлээ эргэн төлж, илүүчлэх зүйл бараг гардаггүй бөгөөд ихэнх нь дөрөв ба түүнээс дээш тооны ам бүлтэй байдаг аж.
Нэг дор өрж байрлуулсан жижиг хайрцгуудад өнгө, өнгийн товчнууд ялгаж хийсэн туслах материалын лангуун дээр очлоо. Гартаа аарц бариад, оочлон ууж буй 50 орчим насны эгч лангууны ард зогсоно. Түүнээс аж, амьдрал ажил хөдөлмөрийнх нь талаар сонирхоход “Би 15 жилийн турш зах дээр зогсож байна. Ам бүл зургуулаа амьдардаг. Уг нь лангуу ажиллуулаад, амьдралаа хангалттай л залгуулдаг байлаа. Өнгөрсөн жилээс хүмүүсийн худалдан авах чадвар багасч, наймаа эрс муудан, эдийн засгийн хямрал манайд шууд нөлөөлж эхэлсэн. Миний хувьд ингээд зэрэг хоёр лангуу ажиллуулдаг. Лангуу, бараагаа хурааж хадгалдаг чингэлэг, төмөр хоёр авдар гээд тус бүрийн түрээс нийлээд сардаа 600-700 мянган төгрөг болдог. Үүн дээр хүүхдүүддээ байр, машин лизингээр авч өгсөн болохоор сар бүр нийт хоёр сая төгрөгийг зээлэнд өгдөг. Үүн дээр хэрэглээний, ахуйн зардлууд нэмэгддэг. Өдрийн орлого 100 мянгыг олвол их юм болоод байна. Ингээд зээлээс зээлийн хооронд л амьдарч байна даа” гэлээ.
Захын наймаачдын ихэнх хувь нь зээлээр л бараагаа эргэлдүүлж амьдралаа залгуулдаг тухай тэрээр мөн дурдсан юм. Энэ олон жилүүдэд өрх толгойлсон энэ эмэгтэй үр хүүхдээ ходоодыг нь хоолтой, оюуныг нь мэдлэгтэй байлгахын тулд халуун, хүйтнийг ч үл ажран шүд зуун тэмцэж буй. Угтаа юм бүхэн хөгжин, өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд задгай захтай мөртөө түрээсээрээ иргэдээ “дээрэлхдэг” улс байдаггүй биз.
“Нарантуул” зах дээрх бүх л зүйл эзэнтэй бөгөөд түрээсийнх байдаг. Амьдралаа залгуулах лангуу, бараагаа хадгалах агуулах, ачаагаа зөөлгөх тэрэг гээд бүгд л төлбөртэй. Түрээслэгчид хүйтэн сэрүүний улиралд гадаа найман цагийн турш зогсохдоо даарч, бүлээцэхийн эрхэнд аарц, цай авч уудаг ба үүнд л гэхэд 3000 төгрөг зарцуулдаг.
Одоогоор манай улсад лангуу түрээсэлж амьдардаг иргэдийг харуулсан нарийн тоо баримт, судалгаа байдаггүй. Гэхдээ зах, худалдааны төвүүдийн доторх лангууны тоог хараад барагцаалж үзэхэд чамгүй л тоо гарна. Аливаа бараа бүтээгдэхүүний эрэлт ихсэж байж, нийлүүлэлт өсөх нь нотлогдсон үнэн. Гэтэл хэдэн лангуу түрээслэгчдийн маань хувьд түрээсэндээ байдгаа барчихдаг учир, эргэж бараагаа татахад бэрхшээл үүсч, улмаар үнээ нэмж борлуулдаг. Ингээд нийлүүлэлт огцом буурч, хүмүүсийн худалдан авалт багасдаг. Үүнээс л өр зээлийн гинжин холбоо үүсдэг. Захын наймаачид жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдах боломж нөхцөл байхгүйн дээр энэ нь танил тал, арын хаалгаар асуудал шийдэгдсэн байдаг гэнэ.
Тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгаалал аюулгүй байдал тун муу байдаг. Эрүүл мэндийн үзлэгт орж шинжилгээ хийлгэхэд бөөр нь үрэвссэн, удаан олон жил гадаа зогссоны улмаас хөлийн судас нь бүдүүрсэн гээд дандаа л шинжилгээ нь сөрөг гардаг талаар гутлын лангуун дээр зогсох Б.Саранцэцэг дурдлаа. Үүнээс харахад өнөө л эмэгтэйчүүд амьдралаа залгуулах гэж гадаа гарч эр, дотор орж эм болдогын нэгэн жишээ энэ. Мэдээж тэд дотор зах, худалдааны төвд орж бараагаа худалдаалахыг хүсэвч өнөө л өндөр түрээснээс нь “айдаг”.
Ямартай ч ажилгүй гээд зүгээр хэвтэх мянга мянган хүмүүсээс илүүтэй амьдралын төлөө бөхийлгүй хөдөлмөрлөж буй эдгээр хэдэн иргэдийнхээ эрүүл мэнд, ажиллах орчин нөхцөлд нь анхаарах цаг хэдийнэ болсон баймаар!
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ