Я.Оюунчимэг: Төрөөс ногоочдын асуудлыг анхаарч үздэггүй


“Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган” өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Монгол Улс 3.1 сая хүн амтай, нийт 70 гаруй сая толгой малтай, 1 сая гаруй га тариалангийн газартай.Хүнсний аюулгүй байдал гэдэг нь хүнсний хангамж, шим тэжээл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал гэсэн үндсэн гурван асуудлаас бүрдэнэ. Хүнсний аюулгүй байдал хангагдаж байж Монгол хүн эрүүл, аюулгүй оршин тогтнох боломжтой тул уг чуулганд салбарын мэргэжилтнүүд идэвхтэй оролцож байр сууриа илэрхийллээ.
Монголын махны холбооны төлөөлөгч Б.Мөнхзаяа “Монгол Улс дотоодын махны хангамжаа бүрэн шийдсэн, хүрэлцээний хувьд асуудалгүй. Харин чанарын асуудал бий.
Махны илүүдэл нөөцөө ашиглахын тулд экспортыг бид боломж гэж харж байгаа. Олон улсын худалдаанд гарч буй өөрчлөлтүүдийг гярхай анзаарч харах юм бол бидэнд өргөн боломж бий.Саяхан Аргентинаас БНХАУ руу экспортолсон их хэмжээний үхрийн мах шүлхийн вирусны улмаас устгалд орсон. Бразилын хугацаа нь дууссан махны дуулиан шуугиан зэрэг нь бидэнд сургамж болохын зэрэгцээ ашиглаж чадвал боломж юм. Уругвай, Намиб, Этиоп улсууд Европын холбоонд мах нийлүүлдэг болжээ.
Манай улсад малын тоо өсөөд байдаг ч экспортын хэмжээ унаж байна. Бид малаа шинэ халдварт өвчнөөс ч хамгаалж чадахгүй байгаа. Ноднин жил Монголд хэзээ ч гарч байгаагүй мялзан өвчин гарсан. Малын өвчнөөр тайван статустай гэдгээ импортлогчид нотолж чадахгүй болохоор экспорт явахгүй байгаа юм.
Дотоодын махны салбарын дорой байдал гадаад оронд мах экспортлох боломжийг хумьж байна” гэдгийг тодотгон хэлэв.
Гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөгч А.Эрдэнэтуул “Дан ганц гурил, гурилан бүтээгдэхүүн гэхгүй хүнсний салбарт хууль эрх зүйн баримт бичиг хангалттай байдаг боловч хэрэгжүүлэх арга барил нь тодорхойгүй, гүйцэтгэлийн журмууд нь одоо хүртэл гараагүй байна.
Монгол Улс нийт жигнэмэгийн хэрэглээнийхээ 8 хувийг л дотоодын эх үүсвэрээс хангаж байгаа. Бусад нь импортын бүтээгдэхүүн байна. Гэтэл “Талх чихэр”, “Атар өргөө” зэрэг томоохон компаниуд жигнэмэгийг дотооддоо үйлдвэрлэх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байдаг. Импортын бүтээгдэхүүнд бага татвар ногдуулж, бид өөрсдөө бараа бүтээгдэхүүндээ илүү өндөр татвар төлж гадагш гаргадаг. Энэ тэнцвэргүй худалдааны нөхцөл нь Монгол Улсад ашиггүй байна.
Тухайлбал, Монгол Улсын гадаад зах зээлээс бүрэн хамааралтай хүнс бол цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос юм. Ургамлын тосыг 89 компани 306 нэр төрлөөр зах зээлд оруулж ирж байна. Гэтэл бид тосны ургамлыг их хэмжээгээр гадагш нь экспортолж байгааг та бүхэн мэднэ” гэж байв.
Монголд 1,300 ААН, 35 мянган иргэн төмс, хүнсний ногооны аж ахуй эрхэлж байгаагийн 50 хувь нь эмэгтэйчүүд ажээ.
Энэ салбарынхны тулгамдаж буй асуудлаар Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид, хүнсний ногоо үйлдвэрлэгчид, жимс, жимсгэний үндэсний холбооны төлөөлөгч Я.Оюунчимэг “Хүнсний ногооны татварыг 20 хувь болгож нэмэгдүүлсэн ч импортоор орж ирж буй хүнсний ногооны хэмжээ нэмэгдсээр байна. Энэ татварыг гуравдугаар сараас 11 дүгээр сар хүртэл 100 хувь, 11 дүгээр сараас гуравдугаар сар хүртэл 50 хувь нэмэгдүүлэх боломж бий. Ийм шийдвэр гаргаж өгөхийг хууль тогтоогчдоос хүсэж байна.Ногоо үйлдвэрлэгчдийн хувьд борлуулах газаргүй. Дэлгүүрүүд сардаа нэг удаа тооцоо хийж, элэгдэл хорогдол ихтэй байдаг учраас бид “Барс” худалдааны төвийг бараадаж жилийн цөөхөн хоногт ногоогоо борлуулж байна. Төрөөс үр тарианы асуудлыг нэгдүгээрт тавьж ногоочдын асуудлыг төдийлөн анхаарч үздэггүй” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ