Жон X.Нокс: Нүүдлийн мал аж ахуйд аюул нүүрлэж байна

НҮБ-ын Хүний эрхийн Шинжээч ноён Жон X.Нокс есдүгээр сарын 19-нөөс эхлэн Монгол Улсад анхны албан ёсны айлчлалаа хийж буй юм. Тэрээр Монгол Улсад ажиллаж, хийсэн үнэлгээнийхээ урьдчилсан дүгнэлтээс өнөөдөр хэвлэлийхэнд танилцууллаа.

Хурлын үеэр Ноён Жон X.Нокс нь Монгол Улсад хандаж хүрээлэн буй орчноо хамгаалах, түүний дотор уул уурхайгаас болон нүүрсний хэрэглээнээс үүдсэн хор нөлөөллийг арилгах талаар дэвшилттэй санаачилга гаргахыг уриалсан юм.

Хүний эрх, хүрээлэн буй орчны асуудлаарх Тусгай Илтгэгч ноён Жон X.Нокс "Дэлхийн дулаарлаас шалтгаалж Монгол орны уур амьсгалын байдал бусад орнуудынхаас ч илүү эрс хурдацтай өөрчлөгдөж байна. Хүнд хахир цаг уурын байдал болон уул уурхай, газар тариалангийн үйл ажиллагаанаас үүдсэн бэлчээрийн хомсдолоос болж дэлхийд алдартай нүүдлийн мал аж ахуйн уламжлалт соёлд аюул нүүрлэж байна" гэлээ.

Монголчууд байгаль орчноо хамгаалах талаар онцгой зүтгэл гаргаж байгааг ноён Нокс сайшааж, тус улс нь байгаль орчны талаар баримтлах стандарт, хамгаалалтын баталгааг тогтоосон байгаль орчны асуудлаарх багц хууль тогтоомжтойг тэмдэглэлээ.

Тэрээр цааш нь "Монгол Улс агаарын бохирдлыг арилгах, нөөцийг сайжруулах, байгаль орчинд хор хөнөөл учруулж болзошгүй шинээр төлөвлөж буй алтны томоохон төслөө нухацтай авч үзэж үнэлэн цэгнэх шаардлагатай байна.

Мөн батлагдсан хууль тогтоомжоо чанд хэрэгжүүлэх, байгаль орчны талаарх мэдээлэл, гомдол хянан шийдвэрлэх асуудал хариуцсан Байгаль орчны Төлөөлөгчийг (Омбудперсон) томилж ажиллуулах шаардлагатай" хэмээн зөвлөлөө.

Нийслэл хотын агаарын бохирдол нь "Монголд хүний эрх зөрчигдөхөд хүргэж буй нэгээхэн том шалтгаан болж байна" .

Цахилгаан станц, тээврийн хэрэгслүүд бохирдлыг буй болгоход нөлөөлж байгаа ч хотын агаарын бохирдлын дийлэнх хувийг гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэж буй түүхий нүүрсний шаталтаас үүдэлтэй бохирдол бий болгож байна.

Өвлийн хүйтэн улиралд Улаанбаатар хот дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын тоонд орж байна. Хүрэн манан тэнгэрийг нь бүрхэж, амьсгалах агаар нь тоосонцор, бусад олон бохирдуулагчийг агуулж байна" хэмээн айлчлалынхаа төгсгөлийн тайланд ноён Нокс дурдлаа.

"Уул уурхайн үйл ажиллагаа нь ундны усны эх үүсвэр болох гол мөрнийг бохирдуулж, байгаль орчныг доройтуулах олон шалтгааныг бий болгож байна. Эдийн засагт ашигтай ч, байгаль орчинд хор хөнөөлтэй байж болзошгүй уул уурхай нь Монгол Улсын онцгой анхаарал хандуулах салбар.

Уул уурхайн үйл ажиллагаанд баримтлах стандартууд нь уул уурхайн аюулгүй ажиллагааг хангасан, хүрээлэн буй орчинд үзүүлэх хор хөнөөлийг хамгийн доод хэмжээнд нь хүргэсэн, уул уурхайн үйл ажиллагаа дууссаны дараа тухайн газрыг анхны байдалд нь оруулж нөхөн сэргээсэн байхыг баталгаажуулах ёстой. Тэвчишгүй хор хохирлыг бүрэн арилгах буюу нөхөн төлсөн байх учиртай.

Энэ бүхнийг зөв хийсэн тэр л тохиолдолд уул уурхайн үйл ажиллагаа нь улс орны хувьд төдийгүй хамаарал нөлөөнд нь шууд автаж буй тухайн орон нутгийн ард иргэдэд үр өгөөжөө өгөх болно" хэмээн тэрээр нэмж хэлэв.

"Өргөн тархсан хууль бус олборлолтыг зогсоож, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг нухацтай хийх хэрэгтэй" хэмээн тусгай илтгэгч тэмдэглэв.

"Нөлөөллийн үнэлгээг энд тэндээс нь алаг цоог хийж байгаа мэдээллийг надад өгсөн. Говьд явуулж буй уул уурхайн үйл ажиллагааны үнэлгээнд, жишээлбэл, Монгол орны хойд хэсэгт байдаг ойн санд үзүүлэх нөлөөллийг авч үзсэн байх жишээтэй. Уул уурхайн үйл ажиллагаа эхлэхээр ухагч бульдозерууд ирэх чухам тэр үед л орон нутгийнхан юу болох гэж байгааг мэддэг болохыг ноён Нокс ажиглажээ.

Алт-2 нэртэй шинэ төслийг эхлүүлснээр Төв аймгийн Заамар сумын нутагт үлдсэн бэлчээр устаж, байгаль орчинд илүү их хохирол учруулж болзошгүй юм. Орон нутгийн иргэд энэхүү төслийг эсэргүүцэж байсан ч төсөл батлагдсан байна. Энэ нь холбогдох хүний эрхийн хэм хэмжээтэй зөрчилдөж байна".

Хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхийн тулд Засгийн газар нь Алт-2 төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн бүрэн хэмжээний нарийвчилсан үнэлгээг хийх хэрэгтэй" гэв.

Мөн байгаль орчны гомдол хянан шийдвэрлэх Төлөөлөгчийг (Омбудперсон) томилж ажиллуулахыг Тусгай Илтгэгч өөрийн үндсэн зөвлөмж хэмээн тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ хүний эрхийн хамгаалагчдын тухай болон мэдээллийн хүртээмжийн тухай шинэ хуулиуд шаардлагатайг дурдлаа.

Тусгай Илтгэгч нь Монголд байх хугацаандаа буюу есдүгээр сарын 19-27-ны хооронд зарим яам, хуульчид, их хурлын гишүүд, олон улсын болоод бүс нутгийн байгууллагууд, иргэний нийгмийн болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллүүдтэй уулзжээ.

Тэрээр үнэлгээнийхээ иж бүрэн тайланг НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлд 2018 оны гуравдугаар сард танилцуулах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ