Үнэт эдлэлийн үнэ цэнэ хаана байна вэ?


Хүмүүс тэр дундаа эмэгтэйчүүд гоёл чимэглэл, үнэт эдлэлээр гоёх дуртай байдаг. Бид хангалттай алттай, мөнгөтэй, эрдэнэстэй улс. Гэтэл бидний хэрэглэдэг үнэт эдлэлүүд импортых байдаг. Хэдийгээр сорьцын дардастай ч хэн сорьцолсон, ямар бичиг баримтаар баталгаажуулсан нь огт тодорхойгүй.
Гэмтсэн гоёлоо дарханд засуулахаар өгтөл өнөө цэвэр мөнгө гэсэн сорьц мөнгө биш хайлж болж таарч, 925 гэсэн сорьцын дардсанд хууртагдсан байх тохиолдол хүмүүст багагүй тохиолддог. Хэдийг хүртэл бид ингэж хууртагдах билээ. Бид эх орныхоо алт мөнгөөр гоёцгоомоор байна. Үүний тулд олборлогчид мөнгө угаах зорилгоор манай байгалийн цэвэр алтыг хятадуудад зармааргүй байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганд хэлсэн үгэндээ “Цаашид алт олборлолт, алтны уурхайд төр онцгой бодлого хэрэгжүүлэх, хяналтаа тогтоох ч шаардлага үүсч байна. Учир нь, алт бол онцгой метал. Төгрөгийн худалдан авах чадварыг тодорхойлогч учраас Монгол төр өөрийн мөнгөн тэмдэгтийн чадварыг өндөр байлгахын төлөө алтанд онцгой анхаарахаас аргагүй юм.
Шинээр алтны хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг зогсоож энэ салбарт төрийн эрх мэдлийг тогтоон, алт олборлогчдод бүх алтаа зөвхөн Монголбанкинд тушааж байх хатуу болзлыг тулгахгүй бол Монголын баялаг монголчууддаа өгөөж өгөлгүйгээр гадагшаа урссаар байна, монголчууд баялгийнхаа эзэн нь бус хохирогч нь болж үлдсээр л байх болно” хэмээсэн. Ийнхүү Ерөнхийлөгч хүртэл Монголдоо алт худалдан авалтыг нэмэгдүүлэхийг уриалж эхэллээ.
Бид Монголбанкиндаа, банкууддаа алтаа тушаадаг болоё. Ингэж гэмээ нь бид юмтай хүн шиг юмаа эдэлнэ. Улс орны тусгаар тогтнолын баталгаа болсон улсын валютын нөөцөө ч ахиу хэмжээнд байлгаж чадна. Монголдоо алтаа тушаах нь ямар ч эрсдэлгүй. АМНАТ 2.5 хувь төдийгүй дэлхийн зах зээлийн үнээр худалдан авч байна. Хууль бусаар худалдвал харин хуулийн хариуцлагатай. Давхар давхар татвар төлнө.
Энэ бол дэлхийн улс орнуудад хэрэгжүүлдэг л бодлого. Манай хоёр хөрш ч алтан дээр төрийн онцгой эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Энэ бол хэн нэгний эрх ашиг бус нийт Монголчуудын, санхүүгийн амин асуудал учраас элдэв эсэргүүцэл, мэдэмхийрлийг үл тоон төр алтаа бүрэн мэддэг, хянадаг болох шаардлагатай байна.
Түүнчлэн манайд Сорьцын тухай хууль байдаггүй. Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд нэг заалт бий.Олон улсын конвенцид элсэхэд хууль эрх зүйн орчин тодорхой байхыг шаарддаг. Одоогоор “Монгол улсын сорьцын хяналтын дүрэм” зэргээр үйл ажиллагаагаа мөрддөг ч энэ нь төдийлэн хангалттай бус байгаа юм. Ийм учраас сорьцын тухай нарийвчилсан, чанга хуультай болмоор байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ