Монголд цаазын ял хэрэгтэй ба хэрэггүй


Таван настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэрэгтэй холбогдуулан олон нийтийн дунд цаазаар явах ялыг сэргээх тухай яригдаад буй. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга “Цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж эхэлсэн”-ээ мэдэгдсэн. Ер нь манай улсад цаазаар авах ял байх хэрэгтэй юу эсвэл..?
Цаазаар авах ял байх нь зөв:
Манай улс 2012 оны нэгдүгээр сарын 5-нд Цаазаар авах ялыг халахад чиглэсэн олон улсын нэмэлт II протоколд гарын үсэг зурснаар Монгол Улс энэ төрлийн ялаас татгалзаж буй орны тоонд зүй ёсоор багтсан.
Харин Монгол улсын Эрүүгийн хуулийн 91.2-т “Хүнийг шунахай, танхай, өс хонзонгийн сэдэлтээр, захиалгаар эсвэл хохирогчийн цус, эд эрхтэнг ашиглах зорилгоор амь насыг нь хохироосон бол 15-25 жил хүртэлх хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ялаар шийтгэнэ”. Тус хуулийн 126.3-т зааснаар “Хүчингийн хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан, эхсүл бага насны буюу 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол 15-25 жилийг хорих, эсвэл цаазаар авах ял онооно” хэмээн хуульчилжээ.
Иймд хүүхэд хүчиндсэн хүн дүрст араатнуудыг татварын мөнгөөр 25 жил тэжээж, амьдруулмааргүй байна. Ял шийтгэлийн систем нийгмийн хөгжилдөө тохирсон байх ёстой. Манайд одоогоор цаазын ял хэрэгтэй. Араатныг цаазлах нь шударга ёсны хамгийн энгийн, ойлгомжтой хэлбэр. Ингэж л шууд шийдэхгүй бол араатнууд айдас, сануулга авахгүй. Хүчингийн хэрэгт цаазын ял оноох нь зөв юм. Хүн санамсаргүй хэзээ ч хүчин хийдэггүй.
Гуравхан сая хүн амтай манай оронд иймэрхүү гэмт хэргүүд байнга гарна гэдэг аюулын харанга дэлдэж буй явдал. Дээрээс нь хүнээ хамгаалж чадахгүй хууль, төр байна гэдэг бүр эмгэнэлтэй. Хүмүүс хүн алж, хүрээ талахаас нэгэнт айхаа больсон байна. Мөн тэд ялаас мултарч, ялын хэмжээгээ багасгуулдаг явдал нь байж боломгүй зүйл юм. Нэгэнт хүний амийг санаатайгаар хохироосон хүнийг өршөөх хэрэг байхгүй.
Цаазаар авах ял байх нь буруу:
Хүн төрөлхтөн одоо цаазаар авах ялаас татгалзаж буй. Жил ирэх бүр цаазаар авах ялыг халж байгаа улс орнууд нэмэгдсээр байна. Цаазаар авах ялын гүйцэтгэл харгислалыг төрүүлж байгааг туршлага харуулдаг. Цаазаар авах ял нь улс төрийн хүчирхийлэл, гэмт хэргийг бууруулахад онцгой хүчтэй нөлөө үзүүлдэг гэдэг нь хаана ч нотлогдсонгүй.
Цаазын ял бол нэг төрлийн хуульчлагдсан аллага юм. Өөрөөр хэлбэл Үндсэн хуультай нь зөрчилдсөн тохиолдолд тухайн орон Үндсэн хуулиа дагаж мөрдөх ёстой гэх олон улсын зарчим бий. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16.1-т “Хүн амьд явах эрхтэй, Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан байдаг.
Монгол улс хэдэн хүн цаазлаад нийгмийн асуудлаа шийдчихдэг бол хичнээн амар байхсан. Уурлах, шийдэх хоёр ялгаатай. Хүчин хийсэн хэрэгтнийг цаазалж “өршөөж” хэрэггүй. Хөнгөлөөд насан туршид нь нүгэлийг нь үүрүүлэх нь зөв. Манай гяндангийн нөхцөл муу. Тэнд хүн таван жил болоход эрүүл биегүй болж 10-15 жил болоход амьд сүг болдог гэх. Араатнуудыг тэгж зовоох нь зөв. Гагцхүү ийм ялзарсан, авлигач шүүхтэй оронд ямар нэг шударга шийтгэл ярих нь буруу.
Үүнтэй холбоотойгоор цахим орчинд үнэн худал нь мэдэгдэхгүй, баттай бус эх сурвалжийн мэдээлснээрнэгэн хүнийг хүчингийн хэргээр яллаж, цаазын ял оноож гүйцэтгэснээс хойш таван жилийн дараа жинхэнэ гэмт хэрэгтэн илэрсэн тохиолдол гарсан гэх. Тэгэхээр шударга шүүх, шударга прокуроргүй цагт буруугүй нэгэн нь буруутан болж хилсээр хүн алах магадлал өндөр юм.
Эмнести Интернэшнлийн сүүлийн үеийн мэдээгээр:
• 90 улс орон, газар нутагт цаазаар авах ялыг бүхэлд нь халсан;
• 11улс дайны үеийн гэмт хэргүүд зэрэг онцгой хэргүүдээс бусад бүх тохиолдолд халсан;
• 30улс орон практикт халсан: хуулиндаа хэрэглэж байгаа боловч сүүлийн 10 гаруй жил цаазаар авах ялыг огт гүйцэтгээгүй буюу гүйцэтгэлийг хэрэгжүүлэхгүй байх практик тогтсон,
• нийтдээ 131 улс орон цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халсан
• бусад 66 улс орон, газар нутагт цаазаар авах ялыг хэвээр хадгалан хэрэглэж байгаа боловч жил ирэх тусам гүйцэтгэх тоо нь буурсаар байгааг харуулж байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ