Өсвөр насныхны жирэмслэлт өдгөө эмзэглэл болж байна


Саяханы нэгэн өдөр дэлгүүрт хүнсний зүйлээ цуглуулах зуур нэгэн охин нүднээ тусав. Мөрөө шүргэсэн хүрэн бор үстэй, шавилхан биедээ хэлхэгэр хувцас өмссөн 16 орчим насны жаахан охин байлаа. Түүнийг тодотгох нэг зүйл нь тэр хэзээ мөдгүй мэндлэх хөөрхөн үрээ хүлээж буй “залуу ээж” аж. Энэ зуур "одоо охид их эрт жирэмсэлдэг болчихжээ" гэх бодол толгойд зурсхийв.
Өсвөр насныхны эрт, хүсээгүй, төлөвлөөгүй жирэмслэлт нь манай улсад төдийгүй олон улсын өмнө тулгамдсан асуудал болоод байна. Мэдээж өсвөр насандаа төрөх нь охидод төдийгүй тэдний гэр бүлийнхэнд тийм ч таатай биш байдаг. Өсвөр насандаа жирэмсэлсэн охид айж, эмээснээсээ болж түүнийгээ нуун дарагдуулах, үүний улмаас цусны даралт ихсэх, цус багадах, бохирдох, дутуу төрөх гэх мэтээр эрүүл мэндээрээ хохирдог.
“Залуу ээж” гэж 20-оос доош насныхныг хэлэх бөгөөд төрүүлсэн нярай нь эхний жилдээ эндэх эрсдэлтэй байдаг аж. Өнгөц харахад хэн нэгэн охинд хамаатай хувийн асуудал мэт боловч энэ нь нийгмийн олон салбараас онцгой анхаарал халамж шаарддаг юм.
Манай улсад сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн гол насны эмэгтэйчүүдийн төрөлт буурч байхад өсвөр насныхны төрөлтийн давтамж нэмэгдсээр байна. Жирэмсэн охидын ихэнхи нь хүсээгүй үедээ, тохиолдлоор, гэр бүл болоогүй байхдаа жирэмсэлдгээс төв суурин газрынхан нь үр хөндүүлэх, хөдөөгийнхөн “хүсээгүй” хүүхдээ төрүүлэх замыг ихэвчлэн сонгодог аж.
Судалгаанаас үзвэл өсвөр насныхан дунджаар 16-17 насандаа жирэмслэх болон бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалах аргуудыг хэрэглэдэггүй байна. Тэд хүссэн үедээ үнэн зөв мэдээлэл, зөвлөгөө авч чадахгүй байгаа нь хүсээгүй үедээ жирэмслэх шалтгаан болж байна. Мөн өсвөр насныхан сургууль дээрээ болон гэр бүлийн орчинд нөхөн үржихүйн мэдээлэл авах боломж дутмаг байгаагаас болдог гэдэг нь судалгаагаар тогтоогдсон байна.
13 настай охин үр хөндүүлэх нь хэвийн үзэгдэл болсон тухай эмч, мэргэжилтнүүд ярьж байгаа нь харамсалтай. Өмнө нь дунд сургуулийн 17-18 насны охид ирдэг байсан бол одоо 13-16 насныхан дээрх асуудлаар эмнэлэгт ханддаг болсон байна.
Монгол Улсын төр өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлтийн түвшин, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, түүний хүндрэлийг бууруулахад анхаарч, хүн амын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ ухралт хийсэн нь харамсалтай. Тодруулбал, 2012 оноос эхлэн эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг бие даасан байдлаар бус биеийн тамир, биологийн хичээлийн агуулгад тусгахаар болсон ч бодит байдал дээр биеийн тамирын багш ч тэр, биологийн багш ч тэр нөхөн үржихүйн мэдээлэл өгч чадахгүй байгаа талаар багш нар болон эцэг эхчүүд санал гомдол гаргадаг.
Хамгийн чухал нь өсвөр насныханд нөхөн үржихүйн эрүүл мэндийн чанартай, шуурхай мэдээлэл, үйлчилгээг цаг алдалгүй хүргэж, багаас нь зөв зан үйлийг төлөвшүүлэх нь чухал юм.
Иймд БСШУЯ болон Боловсролын хүрээлэнгээс ЕБС-ийн хөтөлбөрт эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг бие даасан хичээл болгон оруулж, уг хичээлийн багшаар сургуулийн эмч давхар ажиллах боломж олгох нь өсвөр насныханд тохиолдож буй хүсээгүй, төлөвлөөгүй жирэмслэлтээс сэргийлэх бодит үр дүнтэй ажил болно гэж үзэж байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ