"Гээгдсэн" хүүхдүүд


Хүмүүсийг гудамжинд алхах үеэр “Эгчээ, ахаа мөнгө өгөөч”, “Идэх юм авах гэсэн юм мөнгө өгөөч” гэх хүүхдүүд хотын төвийн хэсэгт тааралдах нь элбэг. Энэ хүүхдүүдийн зарим нь гуйлга гуйдаг байхад зарим нь дуу дуулж хэдэн бор төгрөг олдог. Чухамдаа тэд балчир биендээ баймгүй хүнд хөдөлмөрийг эрхэлсээр.
Тэд гадаа -20 градус зааж байхад ч, зуны 30 хэмийн халуунд ч гудамны хүйтэн шалан дээр өдөржин сууж “ажлаа” хийдэг. Гуйлга гуйж сууж буй хүүхдүүдийн ихэнх нь 3-5 насны жаалууд байдаг ба ээж, аав, ах, дүүгээ тэжээхийн тулд гэнэ. Тэдний харцнаас хүүхэд насны гэгээн хүсэл мөрөөдлийн оч бадрахгүй. Учир нь тэд цаг агаарын байдлыг хэрхэн давж, өдөрт хэдэн төгрөг олохоо боддог болохоор тэр.
Эдгээр хүүхдүүдийн төлөөлөл болох нэгэн хүү нэгдүгээр дэлгүүрийн урд сууж байв. Халтартсан шаргал урт хүрэмнийхээ хормойгоор хөлөө ивэнгээ, амандаа дуу аялан урдаа жижигхэн хайрцаг тавин суух энэ хүү таван настай. Тэрээр “Зун гоё байдаг. Харин өвөл их хүйтэн. Бас зарим хүмүүс миний мөнгийг аваад зугтаачихдаг” гэж жаал ярив. Анх хоёр жилийн өмнө тэрээр энд өөрийн ахтайгаа хамт суудаг байжээ. Үнэндээ түүний төрсөн ах биш. Нэгдүгээр дэлгүүрийн урд суухаас өмнө ах гэж нэрлэгдээд байгаа хүнээ таньдаггүй байж. Учир нь эцэг, эх нь түүнийг “түрээслэсэн” болохоор тэр. Анх юуны учир, яагаад танихгүй хүнтэй гуйлга гуйж байгаагаа мэддэггүй байсан бол өнөөдөр тэр мэддэг болж. “Ээж, аав хоёр намайг гуйлга гуйхгүй бол мөнгөгүй болчихно” гэж таван настай балчир жаал хариулж байна.
Гуйлга гуйж байгаа нь энэ жаал боловч түүнийг ажиглаж байдаг хэд хэдэн том хүн байдаг гэнэ. Байдал эвгүйтвэл “туслах”, хайрцаг дахь мөнгө нь ихсээд ирхээр аваад явах үүргийг тэд хүлээдэг. Эдгээр хүмүүс түүний аав, ээж, ах, эгчийн аль нь ч биш. Тэд жаал хүүг гуйлга сайн гуй гэж загнах мөртөө өөрсдөө хажуугийн дэлгүүрт ороод зогсох. Тэднийг дэлгүүрт оров уу, үгүй юу бага зэрэг даарсан хүү гараа халаасандаа хийнэ. Үүнийг харсан тэд гарч ирээд “Наад гараа гаргаач, ингээд байвал хэн чамд мөнгө өгөх юм” гэж загнах.
Гудамжинд гуйлга гуйдаг хүүхдүүдийн тоо нэг үеэ бодвол буурсан ч хотын төвийн автобусны буудлууд дээр гуйлга гуйгаад суудаг хүүхдүүд, тэрчлэн хүүхдээ тэвэрсэн эмэгтэйчүүд хүртэл мэр сэр байдаг. Тэд үеийн хүүхдүүдийн адилаар сургуульд сурч, тоглож наадан явах эрхтэй ч энэхүү эрхээ эдэлж чадахгүй томчуудын эрхээр ийнхүү гуйлга гуйдаг байна.
Нийслэлийн цагдаагийн газраас хамгийн сүүлд хийсэн судалгаагаар хотод байнгын тэнэмэл амьдралаар амьдарч байгаа 30 хүүхэд бий гэсэн судалгаа байна. Гэтэл зөвхөн Баянгол дүүрэгт л гэхэд бүртгэлтэй 40 хүүхэд байгаа юм. Эдгээр зөрүүтэй тоо баримт нь тэнэмэл амьдралтай хүүхдүүдийг бүртгэлжүүлэх, хянах асуудал хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв болон цагдаагийн байгууллагын дунд хаягдсан гэж хэлж болохгүй ч бүрэн дүүрэн ажиллаж чадахгүй байгааг илтгэнэ.
Дээр нь нийгмээс тусгаарлагдсан эдгээр хүүхдүүдийн эрх, эрүүл мэнд, амь насыг хамгаалахгүй бол хэний ч анхаарлыг татахгүй, хэн нэгэн нь харж өрөвдсөн сэтгэл төдийхнөөр хандсаар гээгдэж дуусч байна. Тэд ч бас хүүхэд!
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ