Ш.Найдансүрэнгийн хүрэл хөшөөг Түдэвтэй суманд сүндэрлүүлжээ


Алс баруун хязгаараас эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол ардын хувьсгалын үйл хэрэгт чин үнэнчээр хүчин зүтгэж яваад хэлмэгдсэн эрэлхэг хөвгүүдийн нэг нь Монгол төрийн зүтгэлтэн Шаравын Найдансүрэн юм.
Тэрээр Засагтхан аймгийн гүн Загдсамбарын хошууодоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт 1877 онд Шарав тойны удам залгасан хүү болон төрсөн, Боржигон овогт, хиад ястан тайж язгууртантүшмэд байв.
Нутаг усандаа Найдаа мэйрин хэмээн хүндлэгдсэн Шаравын Найдансүрэн ажил амьдралынхаа гарааг манжийн дарлал ноёрхсон 100 хол гаруй жилийн тэртээд төрөлх хошууныхаа тамгын газарт бичээчээс эхлэн аймгийн яаманд түшмэлийн алба хашиж төрийн хэрэгт суралцсан эх зохиогч, бичгийн хүн, Монгол, Манж, Европын боловсон улсын цааз хуулийг гүнзгий судалсан хуульч байжээ.
Тэрээр бичиг үсэг сайтай, манж хэл бичиг төдийгүй эх зохиох, албан хэргийг шийтгэх арга барилыг сайтар эзэмшсэн тул Чин улсын үед Да жанжин жасаанд түшмэл, Автономитын үед цэргийн яаманд түшмэл, Ардын засгийн жилүүдэд 1924-1925 онд Шүүх явдлын яаманд сайд, цааз хуулийг эмхлэх хэлтсийн эрхэлсэн түшмэл, 1926-1928 онд Хантайшир уулын аймгийн чуулган дарга хийж, Монгол улсын анхны үндсэн хуулийг зохиолцсон хууль цаазын өндөр боловсролтой, төрийн зүтгэлтэн байсан.
Найдансүрэн шүүх явдлын яамны сайдаар ажилласан хугацаандаа өнөөгийн эрх зүйт төрийн үндэс суурийг баттай тавьж ардын эрхт тусгаар тогтносон Монгол улсын ард олны эрх ашгийг эн тэргүүнд дээдэлсэн, эрэгтэй, эмэгтэй баян хоосон ялгалгүй хуулийн өмнө тэгш эрхтэйгээр хариуцлага хүлээх ардчилсан цааз хууль, эрүүгийн болон иргэний хуулийг боловсруулж, шүүхийн тогтолцоог бүх шатанд байгуулж чаджээ. Дөнгөж зуугийн талгаруй наслахдаа улсынхаа түүхийн нэн эгзэгтэй хувьсгалт өөрчлөлтүүдийн үед амьдарч Монгол улсын гурван төрийн нүүрэнд төрд зүтгэсэн БНМАУ-ын анхдугаар болон 2, 3, 4 дүгээр их хурлуудаас Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан төрийн түшээ юм.
Найдансүрэн эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө өөрийн мэдлэг оюунаа зориулаад зогсоогүй Ховд, Улиастайг Манж, Хятадын эзэрхэгчдээс чөлөөлөх, ардын хувьсгалыг гүнзгийрүүлж баруун хязгаарт Хасагын бүлэг дээрэмчид, цагаантны үлдэгдлийг устгахад өөрийн биеэр оролцож явсан халуун эх оронч, цогтой тэмцэгч байв.
Тэрээр аль ч төрийн үед улсынхаа хэрэгт үнэнчээр хүчин зүтгэж бодлого шийдвэрийг нь боловсруулан хэрэгжүүлэхэд өөрийн ухамсарт амьдралаа зориулсан, түмэн олондоо хүндлэгдсэн, шулууншударга, язгууртан түшмэл, төрийн хар хүн байлаа. Чин улсын үеэс эхлээд Богд хаант Монгол улс, Автономит засаг, Гамингийн засаглал, Ардын засгийн жилүүдэд төрийн алба хашиж Богд хаан Жавзандамба хутагтаас эхлээд үе үеийн Монгол төрийн томоохон зүтгэлтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллах завшаан тохиолдсон хүмүүний амьдралд ховорхон заяах хувь тавилантай түүхт хүн байжээ.
Богд хаан 1912 оны хавар нийслэл хүрээнд шинэ тутам тусгаар тогтносон Монгол төрийн өмнө тулгамдсан асуудлуудыгзөвлөлдөхөөр Халх дөрвөн аймгийн чуулган зарлахад Засагтхан аймгаас оролцох хүмүүсийн бүрэлдэхүүнд засаг ноён Дамдин-Абиша, мэйрэн тайж Найдансүрэн нарыг зориуд нэр зааж оруулжээ.
Богд эзэн хаан улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө хэрхэн санаа тавьж, мэдлэг чадвартай хүмүүсийн санаа бодлыг төрийнхөө бодлогод тусгаж байсны нэгэн баримт нь энэ юм.
1912 онд Ховдыг Манж хятадын эзэрхэгчдээс чөлөөлөх хэрэгт Самаади багш Жалханз хутагт Дамдинбазар, Зоригт бэйл Наваанцэрэн нарыг дагалдан явж элдэв түргэн чухал албан хэрэгт хүчин зүтгэсэн учир Засагтхан аймгийн 15 түшмэдэд Богдын зарлигаар хишиг хүртээн шагнасны дотор захирагч занги Наянбуу, тайж Найдансүрэн нароржээ.
Үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцэлдЦогтой вангийн хошуунийхны оруулсан хувь нэмрийг үнэлж хишиг хүртээсэн Богд хааны зарлигт: Мэйрин занги дөтгөөр зэрэг тайжНайдансүрэн Чин улсын цагт отго бүхий учирхишиг тараахад нэгэн зэрэг жинс хадгалуулжээ. Бас баруун хязгаарын жанжин сайдуудаас сайд чин Ачит бэйл Гончигдамбыг дагалдан Ховдыг сөнөөхөд бичгийн хэрэгт хүч барин зүтгэсэн учир хөхүүлэхийг эрж 2-р он намрын тэргүүн сарын 15-наа айлтгаад зарлигаар нэгэн зэрэг дэвшүүлж дэд зэрэг жинс шагнажээ. Бас Цэргийн яамнаас тэрсэлсэн хасаг ардыг хураан авах хэрэгт сайд Хатахбаатар бэйл Магсаржавыг дагалдан бичгийн алба хааж зүтгэсэн учир 5-р он 6 сарын шинийн 5-наа хөхүүлэхийг эрж айлтгаад зарлигаар нэгэн нэмсэн зэрэг шагнажээ.
Цогтоо ван Дамдин-Абишаагийн хошуунаас эх зохиох түшмэлийн алба хааж онц шаламгайлан зүтгэсэн дэд зэрэг тайж Найдансүрэнд хэтэрхий сайшаахыг үзүүлж дэд зэргийг улираах Богдын хишгийг хүртээж байжээ.
Улиран өнгөрөх цагийн эрхээр мартагдан бүдгэрч байгаа нутаг орныхоо цадиг түүхийг эргэн сануулахын тулд Төрийн зүтгэлтэн Шаравын Найдансүрэнгийн мэндэлсний 140 насны ойг тэмдэглэж, дурсгалын хүрэл хөшөөг төрөлх нутаг Түдэвтэй суманд нь цогцлоон сүндэрлүүлэв.
Зээ хүү Д. Дэмбэрэлдаш
СЭТГЭГДЭЛ БИЧИХ