Лев Толстойн “Адууны түүх” жүжгийг тоглоно


Оросын нэрт зохиолч Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж Улсын драмын эрдмийн театраас түүний “Холстомер” бүтээлээс сэдэвлэн бичсэн “Адууны түүх” /Холстомер/ хэмээх хоёр бүлэгт сонгодог жүжгийг энэ сарын 24-ний өдрөөс эхлэн тайзнаа тавих гэж байна. “Дайн ба энх”, “Анна Каренина” зохиолуудаас дутахааргүй алдартай болсон “Адууны түүх” бүтээлийн талаар театрын уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ жүжгийг орчуулсан орчуулагч Н.Пүрэвдагва "Зохиолын хувьд өөрчлөгдөөгүй. Харин жүжигт гарах гол дүрийн баатруудын нэрийг монгол болгож, үйл явдлыг монгол ахуй руугаа ойртуулъя гэсэн саналыг найруулагч Б.Баатар гаргасан. Энэ бүтээлийн хувьд сонгодог зохиолоос сэдэвлэж, жүжиг болсон бүтээл. Түүнийг монголчуудын аж байдал, ахуй соёлд нийцсэн жүжиг болгох оролдлого хийсэн. Тэгэхээр гурван дамжлага дамжсан гэсэн үг. Лев Толстой өөрөө сонгодог бүтээл туурвидаг хүн. Зохиолч энэ бүтээлээ 29 жил бичсэн байдаг.
1975 онд тухайн үеийн ЗХУ гэж байхад энэ бүтээлийг анх тавьсан байдаг. Тэр цагийн театрын өнгө төрхийг илэрхийлж байсан уран бүтээл. Тэр дундаа адууны амьдралаар хүмүүний амьдралыг элэглэсэн нь содон. Бид адуугаа дээдэлдэг, төрийнхөө сүлдэнд тахидаг ард түмэн. Тиймээс адууны тухай жүжиг тавих ёстойг найруулагч Б.Баатар анзаарсан юм билээ. Зохиолын үйл явдлыг харахад адууны түүх биш юм. Үхсэн хойноо ч хаях юмгүй хэрэглэгддэг адуу, амьддаа ч хэрэг болдоггүй болсон хүн хоёрыг харьцуулсан дүгнэлт. Хүчтэй хүчгүйгээ хураадаг ийм л түүхийг өгүүлнэ. Он цагийн дараа адуу, эзэн, адуу хоёр уулздаг. Гэтэл адуу эзнийг таниад байдаг харин эзэн таньдаггүй. Өнгө, мөнгө хөөсөн хүн амьд байхдаа үхдэл болох нь элбэг гэсэн санааг хүмүүс ойлгоосой" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ