Хөдөлмөрийн аюулгүй байдал Монголд бий юу?


Барилга, бүтээн байгуулалтын ажил харахад сайхан ч халагламаар таагүй зүйлс олон байх юм. Учир нь амьдралаа залгуулах гэж ажилдаа гарсан “барилгачин” гэртээ эргэж ирэхгүйгээр үүрд одох нь харамсалтай. Манай улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль бий. Гэвч бараг хэрэгждэггүй. Зөвхөн барилгын салбар гэлтгүй бусад салбарт ч энэ байдал түгээмэл ажиглагдаж байна. Ажлын байранд үйлдвэрлэлийн осол гарч байгаа үндсэн шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, стандартыг аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгодоггүй, байгууллагын дотоод хяналт хангалтгүй байдагтай холбоотой.
Жил бүр барилгын үйлдвэрлэлийн ослоос болж 1000 гаруй хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын судалгаанаас харахад нийт барилгын 86 хувь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй аж. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс хүний эрүүл мэнд, амь нас хохирсон тохиолдлууд цөөнгүй гарсан байдаг. Тухайлбал, дөрвөн жилийн өмнө “Гэсэр” сүмийн уулзварын зүүн талд баригдсан “Макс өргөө” компанийн барилга дээрээс өргөгч цамхагийн төмөр унаж, замын хөдөлгөөнд оролцож явсан “LAND-200” маркийн автомашин дээр унаж жолооч нь газар дээрээ нас барсан. Хичээлийн анхны өдрөө ээж, эгчтэйгээ хөтлөлцөөд явж байсан жаахан охины дээрээс кран унаж амь насыг нь хохироосон гээд тоочоод байвал барагдахгүй. Барилгын салбарт ажиллаж насаараа тахир дутуу болсон хүмүүс ч олон бий.
Саяхан гэхэд Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт буюу 'Кино үйлдвэр'-ийн баруун хойно байрлах 204 дүгээр байрны найман давхарт гадна пасадны ажил хийж байсан дөрвөн хүн өндрөөс унаж, нас барсан осол 14 хоногийн өмнө гарсан юм. Гурав нь газар дээрээ нас барж, нэг нь Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэх замдаа амьсгал хураасан харамсалтай хэргийн учир шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйтэй холбоотой байсан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогджээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ослын шалтгааны урьдчилсан дүгнэлтийг гаргасан бөгөөд тэднийг хууль бусаар гадны дулаалгын ажил гүйцэтгэхдээ техникийн шаардлага хангаагүй гурван залгаас бүхий дүүжинт өргүүр ашигласан гэж үзсэн байв. Улмаар залгаасны боолт унасан учраас дүүжинт өргүүр дундуураа хуваагджээ. Өргүүр дээр зогсон, цонхны гаднах амсрын шавар унагаж байсан гүйцэтгэгч өндрийн хамгаалах бүс хэрэглээгүй нь осолдож, амиа алдахад нөлөөлжээ.
Дэлхийн дунджаас долоо дахин их хүн Монгол Улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангагдаагүйгээс амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна гэсэн тоо баримт бий. Энэ бол аймшиг, аюулын харанга юм. Хөдөлмөрийн аюулгүй байдлын төсөвт өртгөөс нэг хувийг хөдөлмөр аюулгүй байдлыг хангахад зориулна гэж заасан. Гэтэл энэ төсөвт өртөг тусгагдаагүй. Үнэндээ улсын хэмжээнд хөдөлмөрийн хяналтын байцаагч, хөдөлмөрийн эрүүл ахуйн 45 байцаагч ажиллаж байна. Нийслэлд 43 мянган аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянахад 45 байцаагч хангалтгүй. Мөн хөдөлмөрийн болоод эрүүл ахуйн хяналт мэргэжлийн хяналтын байгууллагуудад харьяалагддаг. Бодлогын хэрэгжилт хяналтын тогтолцоо хоёрын хооронд уялдаа холбоо муу байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ