Хүчирхийлэгчдийг цаазлах нь зөв үү?

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр цаазаар авах ялыг сэргээх саналыг албан ёсоор гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүргүүллээ. Монгол Улс цаазын ялаас татгалзаад таван жил болж буй. УИХ 2012 оны нэгдүгээр сарын 5-нд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хуулийг соёрхон баталснаар цаазаар авах ялаас татгалзсан юм.

Манай улсын хувьд цаазын ялыг онцгой хоёр тохиолдолд хэрэглэж ирсэн байдаг. Нэг нь, хүүхэд хүчирхийлэх жигшүүрт хэрэг үйлдсэн, нөгөө нь хүний амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн тохиолдолд уг ялыг гүйцэтгэж байжээ. Уг үндэслэлээр 1965-2005 оны хооронд 806 цаазын ял гүйцэтгэсэн гэх мэдээлэл 2012 онд гарч байлаа.

Харин сүүлийн үед нийгмийг цочроосон олон гэмт хэрэг удаа дараалан гарч, бага насны хүүхдийг хүчирхийлэх явдал, тоо хэмжээ эрс олширч буй. Нийгмийг айдаст автуулаад буй уг гэмт үйлдлүүдийг хязгаарлах үүднээс Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх санаачилга дэвшүүлэв. Ингэхдээ зөвхөн хүүхэд хүчирхийлсэн, хүчиндсэн хэрэгт цаазын ялыг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Цаазын ялыг сэргээх асуудлаар олон нийт, мэргэжлийн хүрээнийхэн хоёр талт байр суурь илэрхийлж буй. Нэг талд, хүний эрх талаасаа бид ухралт хийнэ гэсэн тайлбар хийж буй бол нөгөө талд хүчиндэгч этгээдийг цаазална гэж хуульд зааснаар хэрцгий аллага улам газар авна гэх байр суурьтай байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Гадаад харилцааны сайнд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын байр суурийг онцоллоо.

О.БААСАНХҮҮ

Д.ЦОГТБААТАР

Ц.ОЮУНГЭРЭЛ

Хуулийг хүнд зориулж баталдаг. Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх, хоморголон устгах аюултай үйлдлүүд хүний ухамсар ёс зүйд нийцэх ажил биш.

Цаазаар авах ялыг яагаад эсэргүүцдэг вэ гэхээр гурван үндсэн шалтгаан байдаг. Нэг дэх нь, хүн хүнээ хороож байгаа юм гэж үздэг. Хоёрт, хэлмэгдүүлчих вий. Гуравт, орчин цагт цаазаар авахаас өөр янз бүрийн арга байж болно гэдэг. Гэтэл Монголд өнөөдөр амьтнаас ч дор авирлаж байгаа хүн олон боллоо. Үр хүүхдээ бузарладаг ямар амьтан байна, байхгүй. АНУ хүний эрхийг нэгдүгээрт тавьдаг орон. Гэсэн ч цаазын ялтай. Цаазаар авах ялыг нэн тэргүүнд гүйцэтгэдэггүй, 5, 10 жилээр ялыг нь хойшлуулдаг. Зан суртахуун нь засарвал цаазаар авах ялыг бүх насаар нь хорих болгож, сольдог. Эмзэглүүлмээр аймаар хэрэг болж байна, ийм байхад хүний эрх гэж ярихаа болих хэрэгтэй. Цаазаар авах ял огт байхгүй байна гэдэг утгагүй. Татвар төлөгчдийн мөнгөөр тийм хүмүүсийг тэжээгээд байх нь зөв юм уу. Тийм учраас би цаазын ялыг сэргээх ёстой, гүйцэтгэлийг нь хойшлуулах ёстой гэж үзэж байгаа. Цаазын ялыг солих нөхцөлүүдийг зааж өгөх ёстой. Цаазын ялыг халчихсан гэсэн маягтай явах юм бол өнөөдөр чамайг алахад хуульгүй гэдэг дүрмээр л ажиллана.

Хуулийн маш нарийн асуудал. Цаазаар авах ялыг сэргээх гэж халаагүй. Нэгэнт халсан бол энийг арав дахин бодож байж шийдлийг гаргах ёстой.

Гэмт хэргийн нөхцөл байдал, цаазын ял гэмт хэргийг бууруулахад бодитой ямар нөлөө үзүүлэх вэ гэх мэт тооцоо хийж байж, энэ шийдвэрийг гаргах ёстой. Миний бодол чухал биш. Ямар ч хувь хүний бодол чухал биш. Баримт судалгаа л чухал.

Цаазын ялыг сэргээхгүйгээр гэмт хэрэг буурахааргүй байна гэвэл асуудал өөрөөр тавигдах ёстой. Асуудлаа шийдэх талдаа л шийдвэрээ гаргана. Хэрэв цаазын ялыг сэргээлээ ч гэмт хэргийг бууруулахад нөлөөлөхөөргүй байгаа бол саяхан халчихаад буцаагаад сэргээх гэж яаравчлан шийдэх асуудал биш. Ийм асуудлыг хэн нэгний бодол санаагаар шийдэх ёсгүй. Судал, дүгнэ, үр дүн гаргах шийдвэрийг л гарах ёстой.

Олон улсад бол цаазын ялд баримтлах зарчим янз бүр. Хөгжил нь дээшлэх тусмаа цаазын ялаас ихэнх орнууд татгалздаг. Зарим улс орнууд өндөр хөгжилтэй ч гэсэн цаазын ялтай яваад байдаг. Бодит нөхцөл байдал, өгөгдөхүүнүүдээ харж шийдэх асуудал. Олон улсад нэгдсэн жишиг байхгүй.

Ерөнхий хандлага бол хүмүүнлэг иргэний нийгмийг байгуулж байгаа бол хүмүүнлэг талдаа сэтгэлгээ явах ёстой. Цаанаас гарч байгаа судалгаа бидний хүсэл эрмэлзлийг давахуйц байгаа бол төр хатуу шийдвэрээ гаргахаас аргагүй.

Дэлхийн нийтийн хандлагаас харахад дэлхийн 190 орчим улсаас 105 нь цаазын ялгүй гэдгээ албан ёсоор зарласан байдаг. Гэмт хэрэг хийсэн тухайн этгээд ял шийтгэлээ мэдээж хүртэх ёстой. Гэхдээ цаазын ялын нэг дутагдал нь гэмгүй хүнийг цаазлах тохиолдол гардаг. Хэрэв дараа нь хэрэг хийгээгүй нь тогтоогдлоо гэхэд цагаатгах ямар ч боломжгүй.

Жигшүүрт гэмт хэргүүдийн статистикт тоо баримтыг үзэхэд цаазын ялтай оронд жигшүүрт гэмт хэрэг илүү гарсан байдаг. Эндээс харахад, цаазын ялтай болсноор жигшүүрт гэмт хэрэг буурна гэж хэлэх баталгаагүй байгаа. Хамгийн гол нь цаазын ялтай боллоо гэхэд хүн хэлмэгдүүлэхгүй байж чадах уу, шударга шүүж чадах уу гэдэг нь чухал асуудал.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ