ДОХ-ын талаар зөв "таниулая"


"... ДОХ-ыг хүмүүс өөрөөсөө холуур юм шиг боддог, би ч тэгж л явлаа. Харин эмчээс "таны шинжилгээ эргэлзээтэй гарлаа" гэхэд "Арай ч дээ, үгүй байлгүй дээ. Өөр хүний шинжилгээний хариутай андуурсан байх" гэж мөн ч их горьдож суусансан. Харамсалтай нь хэн нэгэнтэй андуураагүй байлаа. Ингээд л би ХДХВ-тэй хүний тоонд багтаж, хориг гортигийн дотор амьдрах болсон доо" хэмээн нэгэн залуугийн бичсэн захидлыг "Бид нэг тэнгэртэй" номноос уншиж билээ.
Өдгөөгөөс 20 жилийн тэртээ ХДХВ-ийн анхны тохиолдол Монголд анх бүртгэгдсэн. Түүнээс хойш 249 хүн уг вирусээр халдварласны нэг нь дээрх захидлын эзэн юм. Монгол Улсыг ХДХВ/ДОХ-ын тархалт багатай, эрсдэл өндөртэй улсын тоонд хамруулдаг. Нийт хүн амын талаас илүү хувь нь бэлгийн идэвхтэй насны иргэд эзэлдэг учир ийнхүү эрсдэл өндөртэй улсын тоонд хамрагдахад хүрсэн аж.
Түүнчлэн нийт хүн амын дунд тархалт цөөн мэт байгаа ч, эрсдэл өндөртэй бүлгийн дунд тархалт их байгаа юм. Мөн манай улсын хууль тогтоомжууд хоорондоо зөрчилддөг нь ХДХВ-ийн халдвартай иргэдийг ялгаварлан гадуурхахын үндэс болдог аж. Шинээр ажилд орох, гадаадад зорчих, гэр бүл болох, жирэмсэн эмэгтэйчүүд зэрэгт ДОХ-ын шинжилгээ авдаг нь ХДХВ/ ДОХ-ын шинжилгээг сайн дурын үндсэн дээр өгнө гэсэн заалттай зөрчилддөг байна.
Дэлхий нийтэд халдвар авсан хүмүүсийг хүйсээр нь ангилбал эмэгтэйчүүд давамгайлдаг. Харин манай улсын хэмжээнд энэ вирусийн халдвар тээгчдийн дийлэнх нь эрчүүд байгаа юм. Манай улс ХДХВ-ын тархалт багатай оронд тооцогддог. Гэхдээ эрсдэлт бүлэг буюу ижил хүйстэн эрчүүдийн дунд халдварын тархалт ихтэй орон юм. Харин нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны байдлаар нь авч үзвэл, 39.6 хувийг 25-34 насныхан эзэлж байна.
Монгол улсад бүртгэгдсэн ДОХ-ын тохиолдлуудын 99 хувь нь бэлгийн замаар халдварлажээ. Харин үлдсэн нэг хувийн халдварласан зам одоогоор тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл цус, цусан бүтээгдэхүүн, тариур болон эхээс хүүхдэд дамжсан халдвар байхгүй юм. Тухайлбал, 2017 оны байдлаар халдвартай 13 эхээс 19 хүүхэд төрсөн байна.
ДОХ-той өвчтний эмчилгээний зардлыг Засгийн газраас 100 хувь дааж, нэг өвчтөнд жилд 1,000 доллар зарцуулдаг аж. Энэ нь ДОХ-той тэмцэхэд шаардлагатай хөрөнгийн 30 хувьтай тэнцдэг. Харин урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, эрсдэлт бүлэгтэй тулж ажиллахад шаардлагатай зардалд НҮБ, ДЭМБ, НЭМХ,олон улсын байгууллагууд тусламж үзүүлдэг байна.
Энэ өвчнөөс иргэдээ хамгаалах ажил бэлгэвч тарааснаар дуусч боломгүй мэт. Угтаа бид энэ өвчний талаар мэддэг юм шиг атлаа мэддэггүй юм шүү дээ. Түүнийг нь мэдүүлээгүй байж бэлгэвч тарааснаар асуудлыг орхиж болохгүй. Хамгийн чухал нь найман настайгаас 80 настай буурлуудад ч энэ өвчний талаарх мэдээллийг алхам бүрт нь өгөх учиртай. Орой бүр телевизүүдээр гардаг алдарт савангийн дууриудынхаа дундуур ДОХ-ын талаарх мэдээллийг тогтмол өгсөн ч яадаг юм. Гудамж талбай бүрт мэдээллийн самбар байрлуулж яагаад болохгүй гэж. Хүн бүрт л энэ талын мэдлэг, мэдээллийг маш сайн хүртээмжтэйгээр хүргэмээр байна.
Үүнээс гадна хамгийн чухал зүйл нь залуус минь өөрсдөдөө болоод гэр бүлдээ үнэнч байцгаая...
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ