Утаа хүүхдүүдийн уушгийг "устгаж" дууслаа

Уршигт утаанаас болж Улаанбаатарын хүүхэд бүр өвчилж дууслаа. Сүүлийн жилүүдэд 1-5 насны хүүхдийн уушги хамгийн их гэмтэж байгааг эмч нар анхаарууллаа. Бага насны хүүхдийн дархлаа гүйцэд тогтоогүй, уушгины системийн тогтолцоо бүрэн гүйцэт хөгжөөгүй байдаг тул бронхит, сүрьеэ зэрэг хүнд өвчлөлд амархан нэрвэгддэг аж.

Өндөр хөгжилтэй орнуудад сүрьеэ, уушгины өвчлөл судлалын нэгдсэн эмнэлэг ажилладаг бол манайд байдаггүй. Харин дүүргийн эмнэлгүүдэд сүрьеэгийн эмч, тасаг л бий. Мэргэжилтний хэлж буйгаар “Ийм утаатай орчинд яаж цоо эрүүл уушгитай хүн байх юм. Ямар нэг зовиур шаналгаагүй ч гэсэн уушгины өвчлөлтэй л байгаа. Дийлэнх нь гуурсан хоолойн бөглөрөх өвчин буюу бронхиттой. Гаднаас нь харахад хүүхэд эрүүл байлаа ч агаарын бохирдол, тамхины утаанд уушги нь аль хэдийнэ өвчилсөн байдаг. Одоо цоо эрүүл уушгитай хүүхэд байхгүй” гэлээ.

Нийслэлийн 220 мянган сурагчийн 9000 нь буюу таван хувь нь уушгины архаг бронхиттой, сүрьеэгийн далд халдвар тээгч болоод буй гэнэ. Энэ нь насанд хүрэгчдийн сүрьеэгийн өвчлөлөөс гурав дахин өндөр үзүүлэлт аж. Дэлхий нийтэд өнөөдрийн байдлаар хүүхдийн сүрьеэгийн өвчлөл ийм өндөр гардаг улс байхгүй гэнэ. Энэ бол аймшигтай, сэтгэл түгшээсэн тоо. Эдгээр өвчилсөн хүүхдүүдийн дийлэнх нь сүрьеэгээр өвдсөн хүмүүстэй хамт амьдардаг бөгөөд маш их хордлоготой, туранхай, өсөлт хөгжлийн хоцрогдолтой байдаг аж.

Сүрьеэгийн эсрэг төрийн бус байгууллагынхан нийслэлийн 15 сургуулийн 8-13 насны 9000 хүүхдэд сүрьеэгийн далд халдварыг илрүүлэх судалгаа хийж байгаа аж. Судалгааны эхний үр дүнгээр сурагчдын 10 хувь нь сүрьеэгийн далд халдвартай, гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн 30 хувь нь халдвар тээгч байжээ. Мөн тамхи татдаг эцэг эхтэй хүүхдүүдийн халдвар 20 хувиар илүү байгаа юм.

Тэдгээр хүүхдүүдийн уушги 20 жил тамхи татсан хүнийхтэй ижил байсан нь эмч нарт түгшүүр төрүүлжээ. Агаарын бохирдол хүүхдийн уушгинд хэрхэн нөлөөлж байгааг үүнээс харж болох юм.

Энэ мэтчилэн агаарын бохирдлоос болж олон мянган хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.

Дэлхийн томоохон хотууд бидний энэхүү зовлонг тойрч биш дайрч гарсан байдаг. Гэхдээ тэд утаа бага ялгаруулдаг зуух, халдаг эсгий гэх мэт жижигхэн ажлуудыг хийлгүй үндсээр нь үгүй болгох ажлыг зоригтой хийж байжээ. Дан ганц янданг буурууллаа, шилжилт хөдөлгөөнийг зогсоолоо гээд утаа арилахгүй. Тиймээс дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй. Зөв шийдэл гаргаж, зөв ажиллах хэрэгтэй. Төрийн эрх мэдэлтнүүд хүн чанартай байх ёстой.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ