Хар тамхитай зэрэгцэн ДОХ ангуучилсаар


Сүүлийн жилүүдэд хар тамхитай зэрэгцэн ДОХ, БЗХӨ аюулын харанга дэгдээж байна.
Өдгөөгөөс 20 жилийн тэртээ ХДХВ-ийн анхны тохиолдол Монголд анх бүртгэгдсэн. Түүнээс хойш 249 хүн уг вирусээр халдварлажээ. Монгол Улсыг ХДХВ/ДОХ-ын тархалт багатай, эрсдэл өндөртэй улсын тоонд хамруулдаг. Нийт хүн амын талаас илүү хувь нь бэлгийн идэвхтэй насны иргэд эзэлдэг учир ийнхүү эрсдэл өндөртэй улсын тоонд хамрагдахад хүрсэн аж.
Монгол Улсын хүн амын 35 хувийг 15-34 насныхан эзэлж байна. Харамсалтай нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 20 хувийг 15-24 насны, 40 хувийг 25-34 насны хүн ам эзэлж байна. Тэд ихэвчлэн бэлгийн замаар халдвар авдаг гэнэ.
Дэлхий нийтэд халдвар авсан хүмүүсийг хүйсээр нь ангилбал эмэгтэйчүүд давамгайлдаг. Харин манай улсын хэмжээнд энэ вирусийн халдвар тээгчдийн дийлэнх нь эрчүүд байгаа юм. Манай улс ХДХВ-ын тархалт багатай оронд тооцогддог. Гэхдээ эрсдэлт бүлэг буюу ижил хүйстэн эрчүүдийн дунд халдварын тархалт ихтэй орон юм.
2017 онд хийгдсэн шинэчилсэн тооцооллоор Монгол улсад 2017 оны эцсийн байдлаар ХДХВ-ийн халдвартай 575 хүн, 2020 онд 648 хүн байж болох тооцоолол хийжээ.
Харин өдгөө дэлхий дахинд ХДХВ/ ДОХ нь 39 сая гаруй хүний аминд хүрээд байна. Мөн өнөөдөр дэлхий дахинд ХДХВ-ийн халдвар тээгч 36.7 сая гаруй хүн амьдарч байгаагийн 2.5 сая гаруй нь 15 хүртэлх насны хүүхдүүд аж.
Монгол Улсын нийт хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг, иргэдийн шилжилт хөдөлгөөн, гадагшаа болон дотогшоо чиглэсэн аялал жуулчлал эрс нэмэгдсэн зэрэг нь бидэнд эрсдэл нэлээд өндөр байгааг харуулж байна. Тиймээс энэ аюулт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг анхаарлын гадна орхиж болохгүй юм. Дан ганц 12 дугаар сарын 1-ны өдрөөр хязгаарлагдаж болохгүй юм.
НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтод 2030 он гэхэд ДОХ-ын тархалтыг зогсоох асуудлыг тусгасан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын, Монголчуудын хүлээх үүрэг, оруулах хувь нэмэр ч байх учиртай.
Тиймээс өсвөр насныханд энэ талаарх мэдлэг, мэдээлэл хамгийн чухал гэж эмч нар зөвлөсөөр байгаа. Гэвч энэ нь амьдрал дээр огт хэрэгжиж чаддаггүй. Тиймээс хүн бүр, ялангуяа өсвөр насны хүүхдүүд энэ өвчний вирусээс өөрсдийгөө байнга хамгаалж явах нь чухал юм. ДОХ/ХДХВ цаг минутаар хүрээгээ тэлж байгаа бөгөөд жил ирэх тусам халдвар тээгчид залуужсаар байна.
Түүнчлэн боловсролын байгууллагатай уялдаа холбоотой хамтран ажиллаж эрүүл мэндийн хичээлд нь нөхөн үржихүйн эрхтэн системийн үйл ажиллагаа бүтцийн аюулгүй бэлгийн харьцаа, бэлгэвч, гэр бүл төлөвлөлт гэж юуг хэлээд байгааг цогцоор нь суурь мэдээллийг өгөх хэрэгтэй байна. Үүнтэй холбоотойгоор саяхан хоёр эмэгтэй сайд нар ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн хичээлийг тусгай цагаар, нэгдсэн системээр хичээлийн хөтөлбөрт оруулж өгсөн нь олны талархлыг хүлээгээд буй. Эрүүл мэндийн хичээлээрээ энэ төрлийн мэдээллийг өсвөр насандаа авсан хүүхэд чинь оюутан болоод бэлгийн зохистой харьцааны талаар суурь мэдлэгтэй болж чадах юм.
Мөн энэ өвчнөөс иргэдээ хамгаалах ажил бэлгэвч тарааснаар дуусч боломгүй мэт. Угтаа бид энэ өвчний талаар мэддэг юм шиг атлаа мэддэггүй юм шүү дээ. Түүнийг нь мэдүүлээгүй байж бэлгэвч тарааснаар асуудлыг орхиж болохгүй. Хамгийн чухал нь найман настайгаас 80 настай буурлуудад ч энэ өвчний талаарх мэдээллийг алхам бүрт нь өгөх учиртай. Орой бүр телевизүүдээр гардаг алдарт савангийн дууриудынхаа дундуур ДОХ-ын талаарх мэдээллийг тогтмол өгсөн ч яадаг юм. Гудамж талбай бүрт мэдээллийн самбар байрлуулж яагаад болохгүй гэж. Хүн бүрт л энэ талын мэдлэг, мэдээллийг маш сайн хүртээмжтэйгээр хүргэх нь чухал юм.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ