Нийгмийн даатгалд нийтээрээ дарлуулсаар байх уу?

Монгол Улсын иргэн бүр цалингийнхаа 10 хувийг өөрийн нийгмийн даатгалдаа зориулан төлдөг билээ. Харин ажил олгогч мөн л ажилтан тус бүртээ цалингийн 10 -11 хувьтай тэнцэх нийгмийн даатгалыг төлдөг.

Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт орохын тулд төсвийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай болсон. Тиймээс ч нийгмийн даатгалын шимтгэлийг (НДШ):

  1. 2018 онд 2 хувиар,
  2. 2019 онд 1 хувиар,
  3. 2020 онд 2 хувиар нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн билээ.

Тэгэхээр 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан, ажил олгогч тус бүр нэг, нэг хувиар нэмэгдүүлэх тооцоолол хийсэн байна. Өөрөөр хэлбэл нийт дүнгээр 2020 он хүртэл нэмэгдэх НДШ ажилтан, ажил олгогч хоёрт ижил тэнцүү байдлаар нэмэгдээд явах юм.

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар ажилтнаас нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг хувь хэмжээг нэг хувь нэмэгдүүлж 11 хувь болгож байна. Хуульд тусгаснаар НДШ 2018 онд 11.0 хувь, 2019 онд 11.5 хувь, 2020 онд 12.5 хувь байх юм. Мөн ажил олгогчоос төлөх НДШ 1 хувиар нэмэгдлээ.

Өөрөөр хэлбэл ажилтан өнөөдөр өөрийн тэтгэврийн сандаа өөрөө долоо, ажил олгогч долоо буюу нийт цалингийнхаа 14 хувийг хуримтлуулдаг байсан бол 2020 оноос энэ хувь 19 хувь болж нэмэгдэх юм.

Өнөөдөр Улсын хэмжээнд дундаж цалин 850 мянга төгрөг гэж бодвол ажил хийснээр өөрөө болон компанитайгаа нийлээд цалингийнхаа 20 хувийг буюу сар бүр 170 мянган төгрөгийг нийгмийн даатгалдаа хуримтлуулж байна. Тэгвэл 2020 онд та одоогийн авч буй 850 мянган төгрөгийн цалингаа авч байлаа гэхэд нийгмийн даатгалын шимтгэл чинь 212.5 мянган төгрөг болж нэмэгдэх юм.

Яг хувь хүн буюу ажилтаны төлөх НДШ 2017 онд 85 мянган төгрөг байгаа бол 2020 онд 106.2 мянга төгрөг болж нэмэгдэнэ гэсэн үг.

Хамгийн гол нь энэхүү нэмэгдлүүд нь дандаа таны тэтгэврийн санг нэмэгдүүлэх зорилготой. Ийнхүү тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагчийн цалингаас 1 хувиар нэмэгдүүлж 8 хувь болгож байна. Шимтгэлийн хувь 7 байсан бол 2018 онд тус бүр 8 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байхаар хуульчилсан. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2018 онд 11 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулсан.

Одоогийн тэтгэвэрт гарах насыг 2 жилд 1 насаар буюу жилд 6 сараар нэмэгдүүлж, эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2026 он гэхэд 65 насанд хүргэх, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2036 оноос буюу 20 жилийн дараа 65 настайд тэтгэвэрт гарах тохироонд хүрсэн. Энэ тооцоолол хийхэд манай улстай ижил төстэй улс орнууд, бусад хөгжиж байгаа улс орнуудын тэтгэврийн насны судалгааг хийж ОУВС, Дэлхийн Банк зэрэг бусад орнуудын тусламжтайгаар ийм шийдвэрт хүрч байна" гэж Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн мэдээлж байсан.

2015 оны байдлаар эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.84, эрэгтэйчүүдийнх нь 66.02 байна. 2005 онд жишээ нь, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 62.11 байжээ. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүдийн дундаж наслалт 10 жилийн хугацаанд 4 орчим насаар нэмэгдсэн байна.

Энэ тооцооллоор магадгүй эрэгтэйчүүдийн дундаж нас2025 онд 70 болох нь гэж төсөөлье. Харин тэд 65 настайдаа тэтгэвэртээ гарна. Ердөө тавхан жил тэтгэвэр авах нь дээ. Харин тэд улсад магадгүй дээд тал нь 50 жил ажилласан байх магадлалтай. Бүх л эдийн засгийн статистикаар эдийн засгийн идэвхтэй бүлэг буюу хөдөлмөрийн нас 15 -аас эхлэн тооцдог. Тэгвэл энэ жишгээр тооцвол 15-65 нас буюу 50 жил ажилласан эр тавхан жил тэтгэвэр аваад хорвоогийн мөнх бусыг үзүүлэх нь хэр шударга явдал вэ.

Энэ бол үнэндээ боловсон дээрэм юм. Хүссэн үедээ тэтгэврийн насыг нэмж, хуримтлуулсан мөнгөө өвлүүлдэггүй ийм увайгүй дээрмээ төр зогсоомоор байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ