Шатахуун импортлогчдод шанг нь “хүртээе”

Шатахуун түгээх станцууд өнгөрсөн баасан гарагаас эхлээд шатахууны борлуулалтдаа хязгаарлалт хийж эхэлсэн. Шатахуун импорлогчид үүнийгээ нөөц дууссан гэх үгээр тайлбарлаж буй.Харин Уул уурхайн яам,Газрын тосны газраас шатахууны хомсдол нүүрлэхгүй хэмээн удаа дараа мэдэгдээд байгаа.
Тухайлбал, 2018 оны 1 дүгээр сарын 09-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 41 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 67, Аи-92 автобензин 38, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байгааг Уул уурхайн яамнаас мэдэгдсэн юм.
Гэтэл шатахууны хомсдол үүссэн нэрийдлээр импортлогчид үнээ аль хэдийнэ нэмчихлээ. Угтаа 1630 төгрөгөөр зарагдаж байсан АИ-92 бензинийг Петровис л гэхэд 1730 болгон өсгөжээ. Түүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ ч “өндөлзөж” эхэллээ. Шатахууны үнэ нэмэгдэх шалтгаан нь онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотой аж. Өнгөрсөн оны мөн үед 60-100 төгрөгөөр нэмэгдэж байсан нь мөн л шатахууны онцгой албан татварыг нэмэх сургаар жижиглэн худалдаалагчдын хөөрөгдсөн өсгөлт байв. Энэ удаад мөн дээрх явдал давтагдлаа.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Шатахуун жижиглэнгээр борлуулж буй аж ахуй нэгж, байгууллагууд үнэ тарифаа нэмэх зүйл өнөөдрийн түвшинд байхгүй. Нэмэхгүй байх шаардлагыг манай байгууллагын зүгээс тавьж байна. Мөн хомсдол үүсгэх эрх байхгүй” гэж мэдэгдсэн. Тэднийг ийнхүү мэдэгдэж байх хооронд шатахууны үнэ нэмэгдчихлээ. Шатахууны үнийн нэмэгдэл араасаа өөр олон хөөрөгдлийг дагуулдаг. Цагаан сар ойртсон энэ үед шатахууны үнэ гэнэт нэмэгдсэн нь ард түмний нуруун дээрх ачааг ч мөн нэмэх нь ойлгомжтой.
Зарим дэлгүүрийн худалдагчид бензиний үнэ нэмэгдэх сургаар сүү, тарагныхаа үнийг 100 төгрөгөөр нэмчихсэн сууж байсан. Таксины жолооч нар ч км-т 1000 төгрөгөөр үйлчилээд эхэлчихсэн, зорчигчидтой хэрүүл, уруул хийж явсан. Угтаа ШТС-ууд зохиомол хомсдол үүсгэж, бензин, дизель түлш заралгүй, хаалгаа барьсаар… шатахууны үнийг гэнэт нэмчихлээ.
Ер нь шатахуун импортлогч компаниуд үнээ нэмэх гэж байгаа талаараа холбогдох байгууллагад урьдчилан мэдэгдээгүй төдийгүй эхний ээлжид хотын захад байрлах салбаруудынхаа шатахууны үнийг нэмсэн нь яалт ч үгүй үгсэн хуйвалдсан байж болзошгүй юм.
Хэрэв шатахууны энэ сарын импортын үнэ өнгөрсөн сартай харьцуулахад төрөл тус бүр дээр тонн тутамдаа дахин 22-26 орчим ам.доллараар өссөн зэрэг нь үнэ нэмэх зайлшгүй шалтгаан байсан бол үндэслэлээ тайлбарлаж, нэгэн зэрэг нэмэгдүүлэх ёстой баймаар. Гэтэл эхний ээлжид хоёр, гурван компани үнээ нэмсэн нь цаанаа нэг учиртай юм.
Угтаа өнөөдөр үгсэн хуйвалдаад үнэ нэмэх ямар ч боломжгүй байна. Учир нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ тогтвортой, манай импортлогч үйлдвэр “Роснефть”-ийн үнэ ч тогтвортой байна. Ерөөсөө ямар нэгэн савлагаа үүсэхгүй байгаа учраас нэмэх ямар ч боломжгүй гэсэн үг.
Улсын стратегийн бүтээгдэхүүнээр наадагсдад ингэж зөвхөн өөрсдийн эрх ашгаа нэн тэргүүнд тавих эрх байхгүй. Тэднийг ашиггүй байхад хэн ч хүчээр энэ бизнесээ хий гээгүй. Шатахуун импортлогчдоос бид улсаараа жилдээ 1 тэрбум долларын буюу 2 их наяд 500 орчим тэрбум төгрөгийн худалдан авалтыг хийдэг маш том зах зээл.
Энэхүү зах зээлээ алдахгүй гэсэндээ импортлогчид олон жил нефтийн үйлдвэрийг бариулахгүй байхын тулд бүх аргыг хэрэглэж ирсэн. Өчигдөр, өнөөдрийнх шиг огцом үнээ нэмэх гэж оролдож зохиомол хомсдол үүсгэж байгаа нь анхных биш. Яг 7 жилийн өмнөх 2011 оны нэгдүгээр сард “Үгсэн тохиролцож шатахууны үнийг нэг өдөр, нэг цагт 230 төгрөгөөр нэмсэн” түүхийг бид мартаагүй. Тэр үед Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн импортлогч найман компанийг 17 тэрбум 249 сая төгрөгөөр торгож байлаа.
Үеийн үед шатахуун импортлогчид үнэ тогтворжуулах хүрээнд хямд үнээр валют авна, татварын хөнгөлөлт эдэлнэ, зохиомол хомсдол үүсгэж үнээ нэмнэ, лоббидож нефть боловсруулах үйлдвэрийн зөвшөөрлийг хав даруулсаар өдийг хүрсэн.
Үүнээс харахад даварсан шатахуун импортлогч компаниудын тусгай зөвшөөрийг Засгийн газраас цуцлаад өөр шатахуун импортлох боломжтой компаниудад өгөх нь зүйтэй. Зах зээл өрсөлдөөн дээр тогтдог нь жам юм болохоор шантаажилсаар өдийг хүрсэн шатахуун импортлогчдод шанг нь хүртээх цаг хэдийнэ болсон байлтай.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ