Хямралтай ч "хийморьтойхон" шинэлсээр байх уу?


Монголчууд ууж идэх, өмсөж зүүх нь өөр өөр стилтэй гадна дотны олон баярын хөлд үнэндээ үрэгдэж буй. Одоо удахгүй сар шинэ болно. Зарим иргэд эдийн засгийн хямралтай үед цагаан сарыг даруухан тэмдэглэе гэсэн уриалга гаргаад байгаа.
Иргэдийн хувьд бие биедээ бэлэг тараахаа больё, үнэтэй ууцнаас татгалзъя гэж байгаа хэдий ч цаг нь тулахаар худал болж, Монголчууд уламжлалт баяраа тэмдэглэхээр байгаа бүхнээ шавхдаг нь нууц биш. Эдийн засгийн хямрал, үнийн хөөрөгдөл, төгрөгийн хомсдолтой өнөө цагт олон баярыг тэмдэглэж хөөрцөглөхөөсөө илүү залхаж халгах нь их болжээ.
Ард түмэн, олон нийт уламжлалт баяраа гээж орхилгүй тэмдэглэж өнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа ч дэндүү ойрхон, олон баярын зарлага нь урдахаа нөхөж дийлэхгүй ар араасаа гарын салаагаар урссаар байгаад бухимдаж байна.
Нөхцөл байдал ийм үед зарим бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн халаасыг тэмтчиж эхэллээ. Манайхан ямар үед юу хэрэгтэйг андахгүй сайн мэднэ, ялангуяа бизнес эрхлэгчид.
Сар шинэ ойртох үеэр жил бүр үзэсгэлэн худалдаа явагддаг. Уламжлалын дагуу бүх дүүрэгт үзэсгэлэн худалдаа явагдаад эхэлжээ. Иргэдийн хөл хөдөлгөөн ч их байгаа харагдсан. Үзэсгэлэн худалдаагаар ихэвчлэн сүү, цагаан идээ, дээл хувцас зарж байлаа.
“Мишээл экспо” төвд дотоодын үйлдвэрлэгчид болон хувь хүмүүсийн хамтарсан ноос, ноолууран эдлэл, үндэсний дээлний худалдаа явагдаж байлаа. Дээлийг манайхан янз бүрийн загвар хийцээр хийдэг болжээ. Тэр дундаа гэр бүлийн хос дээлүүд зарагдаж байсан. Хос дээл хамгийн багадаа 400 мянган төгрөг, дээд талын ханш нь таван сая хүрч байв. Харин нэг хүний дан дээл 200 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Хүүхдийн дээл 60-180 мянган төгрөг. Иргэд хүүхдүүддээ дан дээл авах бус хантааз, малгай, гуталтай нь хамтад авах нь элбэг байв.
Хүмүүсийн хувьд эдийн засаг хямралтай байгаа ч Монголынхоо уламжлалт баяр цагаан сараа сайхан хийнэ ээ гэцгээж байсан юм. Тухайлбал, БЗД-ийн 9 дүгээр хорооны иргэн Ч.Цэнгэл “Жилдээ ганц тохиодог баяраа сайхан тэмдэглэлгүй яахав. Бараа бүтээгдэхүүний үнэ өслөө л гэнэ. Шинэ сар хаяанд ирчихсэн байхад сайхан зүйлс ярьж, болгож бүтээнэ л гэж бодно шүү дээ. Хүний дайтай Цагаан сараа тэмдэглэж, ирэх жилийн өнгөө тодорхойлолгүй дээ. Юмыг болохгүй байна, бүтэхгүй байна гэхээсээ илүүтэй болгоё, бүтээе гэсэн бодолтой байх ёстой.Үр хүүхэд, ач гучтайгаа цуглаад Цагаан сарын баяраа сайхан тэмдэглэнэ дээ” гэлээ.
Угтаа бол бид cap шинийн баяраа тэмдэглэсэн шиг тэмдэглэж байх ёстой. Гэхдээ хүн бүр өөрийнхөө чадлын хүрээнд, ачаа болгохгүйгээр шүү дээ.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ