Сүүний салбарыг бодлогоор дэмжье!

Манай улсын хэмжээнд одоогоор сүү, сүүн бүтээгдэхүүний 220 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 1326 хүн ажиллаж байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 64.18 тэрбум, харин борлуулалт 70.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад тус бүр 22.3 – 33.7 хувиар өссөн дүнтэй.

Сүүний боловсруулах салбарын суурилагдсан хүчин чадлын 10 хүрэхгүй хувийг ашиглаж байна. Энэ нь орон нутагт сүү бэлтгэлийн тогтолцоо бүрдээгүй, зохистой дадал хэвшээгүй, саалтуур, хөргөх тоног төхөөрөмж дутагдалтай, орон нутагт ажиллах хүний нөөц хүрэлцээгүй, мөн сүүний боловсруулах үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгөөр дутмаг байгаатай холбоотой. Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ 2016 оны урьдчилсан дүнгээр 73.16 сая л байгаа нь өмнөх онтой харьцуулахад 4 хувиар нэмэгджээ.

Монгол улсын сүү үйлдвэрлэлийн салбарын хөгжил дорвитой ахиц дэвшил гарч чадахгүй байгаагийн тод илрэл нь хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн сүүний 10 хүрэхгүй хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа, үүнээс үүдээд сүү, сүүн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж чаддаггүй зэрэг бодит жишээ олон байгаа юм.

Иймд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, иргэдийг жилийн дөрвөн улиралд үнээний цэвэр сүүгээр хангадаг болмоор байна. Сүүний хомсдол сэрүүний улиралд үүсдэг. Энэ хомсдолыг дотоодын сүүний үйлдвэрлэлээр нөхөх талаар Хүнсний тухай хуульд заасан байдгийн дагуу стратегийн гол хүнсний бүтээгдэхүүн болох сүүний хангамжийг нэмэгдүүлж, импортыг халах бодлогоор ажиллах нь цорын ганц гарц юм. Манай оронд төдийгүй хөрш орнууд, Европ, Хойд Америк зэрэг орнуудад иргэддээ эрүүл сүүн бүтээгдэхүүн хүргэж, эрүүл мэндийг нь хамгаалан бэхжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж, урамшуулал олгож байна.

Манай Хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтаар өвлийн улиралд сүү боловсруулах үйлдвэрт бэлтгэн нийлүүлж буй 1 литр сүү тутамд төрөөс татаас олгох гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, 1 литр сүү тутамд мөнгөн урамшуулал олгох заалтыг хэрэгжүүлэх нь чухал юм. Эрчимжсэн мал аж ахуйн тэжээл үйлдвэрлэж борлуулахад татварын асуудлаас болоод сүүний үнэ өртөг нэмэгддэг. Саалийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл дээр бид өөрчлөлт хийх цаг болсон.

Шингэн сүү бол хүн амын хамгийн чухал шаардлагатай түүхий эдийн, старатегийн бүтээгдэхүүн гэж томъёолсон байдаг. Төрөөс “Эрүүл Монгол хүн”, “Эрүүл хүнс”, “Мах сүүний анхдугаар аян” зэрэг олон төсөл хөтөлбөр гарган ажилласан. Гэсэн ч энэ нь үр дүнд хүрэхгүй байна гэдэгт салбарын хүмүүс санал нэгддэг.

Фермерүүд эрчимжсэн аж ахуй эрхлэхдээ тариалалт эрхлэх боломж бараг байдаггүй. Газар тариалангийн хуулинд өөрчлөлт оруулах замаар эрчимжсэн аж ахуй, фермер эрхэлж байгаа хүний эзэмшиж байгаа газар дээр үнээний тэжээлд зориулсан нэг наст болон олон наст ургамал тариалахыг хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байгаа.

Дотоодын сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхдээ шинээр ферм байгуулна гэхээсээ илүү одоо ажиллаж байгаа фермүүдийг дэмжих нь хамгийн зөв гарц юм. Өнөөдөр ажиллаж байгаа фермүүдийн технологи хоцрогдсон, малын ашиг шим харьцангуй бага байдаг аж. Тиймээс сүүний салбарыг бодлогоор зайлшгүй дэмжих хэрэгтэй байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ