Гэмт хэрэг, түгжрэлгүй сар шинийн баяр болж байна
17-р жарны тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярын шинийн хоёрны өдөр өнөөдөр тохиож байна. Битүүний өдөр болон шинийн нэгний өдөр цагдаагийн бие бүрэлдэхүүн 800-аад хүний бүрэлдэхүүнтэй өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, хариуцсан нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэргийг таслан зогсоох, замын хөдөлгөөнийг хэвийн байлгахад анхаарч ажиллалаа. Мөн битүүний орой Булган хайрханд зул өргөх, шинийн нэгний өглөөний нар харах үеийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган амар тайван зорчих нөхцөл бололцоог ханган ажиллажээ.
Сар шинийн эхний өдөр хэрэг зөрчил багатай, зам тээврийн нөхцөл байдал ч түгжрэл саатал багатай тайван байсан гэдгийг эх сурвалж мэдээллэж байна. Цагдаа нар өнөөдөр, маргааш мөн л энэ байдлаараа ажиллаж байна. Тодруулбал иргэн таны аюулгүй байдлыг хангахаар цагдаагийн байгууллагын нийт 800 орчим алба хаагч Нийслэл орон нутгийн хэмжээнд явганаар болон авто машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Мөн замын цагдаагийн алба хаагчид маань өглөөнөөс үдшийн бүрий хүртэл замын хөдөлгөөнийг зохицуулж та бүхнийг очих газарт тань саадгүй зорчуулж байгаа билээ. Иймд иргэд та бүхэн учирч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагас зөвлөж байна. Хэрэв иргэн та гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийлэгчийн үйлдлийг харсан тохиолдолд нэн даруй цагдаагийн 102 утсанд хандана уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ