Авлигын индексээрээ ард хоцорсоор л байх уу?


Саяхан Берлинд төвтэй олон улсын "Транспаренси Интернэшнл" байгууллагаас 2017 оны "Авлигын төсөөллийн индекс"-ийг зарласан. Ингэхэд манай улс 2017 онд 36 оноо авснаар 16 байраар ухарч 103 дугаарт эрэмбэлэгдлээ. Өнгөрсөн жил мөн 15 байраар ухарч 87 дугаарт эрэмбэлэгдэж байсан юм.
Бид юуны учир жилээс жилд ухрах болов?
Угтаа бол Монгол Улс авлигын эсрэг хуулиа баталчихсан, хуулийн дагуу авлигатай тэмцэх газраа ажиллуулдаг, авлигатай тэмцэх хүсэл зоригоо илэрхийлсээр буй. Гэтэл жил бүр л индексээр ухарсан үзүүлэлттэй гарч байна. Үүнд хэд хэдэн зүйл нөлөөлсөн гэж тус индексийг тогтоосон олон улсын шинжээчид тайлбарлажээ. Тухайлбал, улс орны эдийн засгийн менежмент сул, Засгийн газрын үйл ажиллагаа нь ил тод биш, хариуцлага хүлээлгэх механизм үйлчилдэггүй зэргийг тэд онцолж байна. Дэлхий нийтэд ингэж ойлгогдохоор үйл явдлууд манай улсад өнгөрсөн хугацаанд хангалттай өрнөснийг та бид өөрсдөө ч сайн мэдэж байгаа.
Сүүлийн таван жилийн үзүүлэлт зогсонги байдалд байгаа нь авлигын эсрэг чиглэлд хууль эрх зүйн томоохон өөрчлөлт хийгээгүйтэй холбоотой юм. Ерөнхий зөвлөмжийн дагуу хууль тогтоох, гүйцэтгэх байгууллага, шүүх засаглалууд авлигын эсрэг шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх, шүүгч, прокурорууд шударга шийдвэр гаргах, хараат бус байдлыг бэхжүүлэх хэрэгтэй юм.
Мөн төрийн байгууллагууд авлигын орчинг бүрдүүлэхгүй байх, зохиомол хүнд суртал, авлигын эрсдэлийг үүсгэхгүй байх, бизнесийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, худалдан авалт, төсвийн зарцуулалтыг хариуцлагатай, ил тод болгох шаардлага тулгарч байна. Хэрэв үүнийг хэрэгжүүлж чадвал авлигын индексийн тоо нэмэгдэх боломжтой юм.
Түүнчлэн улс төрчдийн нөлөө ба авлигын эрсдэл прокурор болон шүүгч нарын шийдвэрт нөлөөлж байгаа нь оноо буурахад нөлөөлсөн байх талтай учир хараат бус байдлыг бэхжүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатайг мэргэжилтнүүд сануулж буй.
Мөн авлигын томоохон хэргүүдийн шийдвэрлэлт удааширч, ял шийтгэлгүй өнгөрөх, авлигын улмаас улсад учирсан хохирол эргэн төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын эсрэг тэмцэлд иргэдийн итгэл сулрахад нөлөөлсөн байна.
Дэлхий нийтээр авлигатай тэмцсээр байгаа хэдий ч ихэнх улс орнуудын урагшлалт нь хэт удааширчээ. Судалгаанаас харахад, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд дийлэнх орнуудад сүүлийн зургаан жилд ахиц дэвшилгараагүйаж.
Цаашид хууль тогтоохбайгууллагууд нь улс төр бизнесийн бүлэглэлээс бүрдсэн авлигажсан бүлэглэлийн нөлөөнөөс ангид байх, энэтөрлийн гэмт хэргийн мэдээлэгчийг хамгаалах хуулийг батлах ёстой. Хэвлэл мэдээлэл ба иргэний нийгмийг улстөрчдийн нөлөөлөл, дарамт шахалтаас ангид байлгах, хамгаалах тогтолцоог бүрдүүлэх зэрэг хууль зүйн орчин шаардлагатай байгаа юм.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ