"Бомбейн цус" бол хамгийн ховор бүлгийн цус

Хүмүүс дөрвөн үндсэн бүлгийн цустай байдаг. Нэг, хоёр болон гуравдугаар бүлгийн цустай хүн нэлээд олон ч, дөрөвдүгээр бүлгийн цустай хүн цөөн байдаг. Эсрэг биет үүсэх үйл явцыг хариуцдаг антиген буюу цусан дахь агглютиногены агууламжийг үндэслэн энэ ангиллыг тодорхойлдог юм.

Хоёрдугаар бүлгийн цусанд А антиген, гуравдугаар бүлгийн цусанд В антиген, дөрөвдүгээр бүлгийн цусанд энэ хоёр антиген хоёулаа байдаг ч, нэгдүгээр бүлгийн цусанд А болон В антиген хоёулаа байдаггүй. Гэхдээ хоёр, гурав болон дөрөвдүгээр бүлгийн цусны антигенийг бий болгодог “барилгын материал”-ын үүрэг гүйцэтгэгч “анхдагч” H антиген нэгдүгээр бүлгийн цусанд байдаг.

Цусны бүлгийг удамшил илүүтэй тодорхойлдог. Жишээ нь эцэг, эх нь хоёр, гуравдугаар бүлгийн цустай бол,хүүхэд нь дөрвөн бүлгээс ямар ч бүлгийн цустай байж болно. Харин эцэг, эх нь нэгдүгээр бүлгийн цустай тохиолдолд тэдний хүүхэд нэгдүгээр бүлгийн цустай байх юм. Хэрвээ эцэг, эх нь дөрөв болон нэгдүгээр бүлгийн цустай бол, хүүхэд нь нэг болон хоёр, эсвэл гуравдугаар бүлгийн цустай байна.

Гэтэл зарим тохиолдолд хүүхэд удамшлын ёсоор тийм бүлгийнх байх ёсгүй цусны бүлэгтэй төрдөг бөгөөд энэ үзэгдлийг бомбейн гаж үзэгдэл буюу бомбейн цус гэдэг. Бомбейн цусанд А болон В антиген байхгүй учир түүнийг нэгдүгээр бүлгийн цустай эндүүрэх нь олонтаа юм. Гэхдээ түүнд H антиген ч байдаггүй нь эцэг тогтооход асуудал учирч болно. Учир нь хүүхдэд эцэг, эхэд нь байгаа нэг ч антиген байдаггүй юм.

Бомбейн цусыг 1952 онд Энэтхэгт илрүүлсэн бөгөөд статистикийн мэдээгээр, хүн амын 0,01% нь ийм өвөрмөц цустай байдаг бол, Европт бомбейн цус бүр ховор –оршин суугчдын барагцаалвал 0,0001% нь ийм цустай байдаг байна. Энэ ховор бүлгийн цус нь тухайн хүндээ ямар ч асуудал учруулдаггүй. Хэрвээ түүнд цус сэлбэх хэрэгтэй болвол мөн л бомбейн цус хийж болно. Ингэхдээ энэ цусыг ямар ч бүлгийн цустай хүнд хийж болох юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ