“Төгс бүтээгч 2018” арга хэмжээ зохион байгуулагдав


Барилгын салбарын бизнес эрхлэгч, бүтээн байгуулагчид, удирдах ажилтнуудад зориулсан “Төгс бүтээгч 2018” арга хэмжээ зохион байгуулагджээ. Барилгын улирал дөнгөж эхэлж буй энэ үед төлөвлөгөө, стратегиа зөв боловсруулж, өндөр бүтээмжтэй, үр ашигтай ажиллах болон хүрээлэн буй орчинд хэрхэн сөрөг нөлөө багатай үйл ажиллагаа явуулах талаар гадаад, дотоодын шилдэг мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Тус арга хэмжээг бетон зуурмагийн үйлдвэрлэл, барилгын материал нийлүүлтээр салбараа манлайлагч “Премиум Бюлдинг Материалс” компани санаачлан зохион байгуулжээ.
Арга хэмжээний үеэр барилга угсралтын гол түүхий эд болох бетон зуурмаг үйлдвэрлэлийн чиг хандлага, саарал ус, хиймэл элсийг бетон зуурмагийн үйлдвэрлэлд ашиглах боломжийн талаарх судалгаа, байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл явуулахад салбарын компаниудын оролцоо зэрэг сонирхолтой, үнэ цэнэтэй мэдлэг, мэдээллүүдийг олж авснаа оролцогчид онцолсон байна.
“Премиум Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганболд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Аливаа төсөл нь захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгч, борлуулагч гээд бүхэл бүтэн цогц үйл ажиллагааны нийлбэр бөгөөд бүгд өндөр зохион байгуулалттай байж амжилтад хүрдэг.
Бүгдээрээ хамтдаа хөгжвөл илүү өндөр бүтээмжтэй, бага зардлаар, илүү үр ашигтай ажиллах боломжтой гэж хардаг. Улмаар салбар маань ч хурдтай хөгжинө. Цаашилбал энэ салбарт ажиллаж буй хэдэн зуун мянган хүнийг ажлын байраар тогтвортой, найдвартай хангана. Тиймээс энэхүү арга хэмжээг зохион байгуулж, салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүслээ” гэжээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ