Шүүхийн ялзралыг "илчилсэн" 7 хоног


Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
"МАН, АН-ыг татан буулгах хууль санаачлахыг шаардаж байна"
Иргэний Зориг Ногоон Намаас энэ долоо хоногийн эхэнд мэдээлэл хийлээ. Туснамын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар "Монголын нийт газар нутгийн 30 гаруй хувь лиценз хэлбэрээр олгогдож байна. Үүнд өнгөрсөн 28 жилийн хугацаанд төр барьж байсан МАН, АН буруутай. Хуулиар энэ хоёр нам татан буугдах үндэслэлтэй болоод байна. Тиймээс МАН, АН хоёрыг татан буулгах хүсэлтийг Улсын Дээд шүүхэд гаргана. Бусад намууд ч хариуцлага хүлээх ёстой” гэв.
"Шүүхийн Ерөнхий Зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой"
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Шүүх засаглал үнэхээр хууль бусаар хөрөнгөжиж байна уу, үгүй юу гэдгийг шалгаж олон түмний эргэлзээг тайлж өгөөчээ гэж хүсэж байна. Шүүхийн Ерөнхий Зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох учиртай. Тэгж байж дараа нь бид шударга ёсны талаар ярих хэрэгтэй. Идэж, ууж авлига авах болохоороо уургын морь шиг. Шалгагдаж, хоригдох болохоороо бүгд өвчин зовлонтой болдог. Энэ шүүх нь өөрөө ингээд ялзарцан тохиолдолд нөгөө гүйцэтгэх, хууль тогтоох засаглалынхаа бусармаг үйл ажиллагааг бүрэн цэвэрлэж чадахгүй системийн хямралд шилжээд байна.
Мөн 2010-2012 оны хоронд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас хүчингүй болгосон лицензийг эргээж сэргээх шийдвэр гаргасан 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгах ёстой. Нийт 36 аж ахуйн нэгжтэй холбоотой лицензийн асуудал хөндөгдөж байгаа. Бид компанийн нэр ус, шийдвэр гаргасан шүүгч нарынх нь нэртэй хавсаргаж бичсэн байгаа. Үүнийг шалгуулна. Ингэхдээ 2018 он хүртэлх лицензтэй холбоотой асуудлыг шалгуулна” гэв.
Элчин сайд Ё.Отгонбаяр Д.Трамптай уулзаж ИЖБ өргөн барив
Монголоос АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ёндонгийн Отгонбаяр гуравдугаар сарын 28-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, итгэмжлэх жуух бичигээ өргөн барьжээ. Тэрбээр нэлээд хойшлогдсоны эцэст энэ сарын 23-нд итгэмжлэх жуух бичигээ Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардан авсан билээ.
"Ажлаа алдана шүү гэсэн шахалтыг бүү тоо, хамтдаа зүтгэе"
Баянзүрх дүүргийн Ардчилсан намын анхдагч гишүүдийн хороо, БЗД-ийн АН-ын Шинэчлэлийн баг, Эрүүл ардчилал хөдөлгөөнөөс хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Гантулга хэлэхдээ “АН-ын эргэлтийн сонгууль улс орон даяар гурван шаттай зохион байгуулагдсан. Энэ үеэр Баянзүрх дүүрэгт үл ойлголцол үүслээ. Тодруулбал, БЗД-ийн Засаг дарга асан мөн тус дүүргийн АН-ын дарга асан, өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй Д.Пүрэвдаваа, НИТХ-ын төлөөлөгч бөгөөд БЗД-ийн АН-ын дарга асан Т.Батцогт, Дүүргийн иргэдийн хурлын дарга Ш.Ганчимэг нар нийтлэг үйлчилгээний ажилчид болон хэсгийн ахлагч нарыг турхиран, намаас зохион байгуулж буй эргэлтийн сонгуулийн үеэр үймээн дэгдээлээ” гэв.Үргэлжлэлийг 10067925 уншина уу.
Н.Энхбаяр: Оюутолгой бол Монголд ямар ч ашиггүй гэрээ болсон
МАХН, МҮАН, ИЗНН, Ногоон намын удирдлагууд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулж мэдээлэл хийлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Оюутолгойн гэрээг байгуулах үеэр би С.Баяр, С.Баярцогт нарт хандаж ийм муу гэрээ хийж болохгүй гэж байр сууриа илэрхийлж байсан. Харамсалтай нь тэд зүтгэсээр байгаад энэ гэрээг байгуулсан. Оюутолгойд 400 тэрбум ам.доллараар хэмжигдэх баялаг байна. Монголд ямар ч ашиггүй гэрээ болсон. Монголын газар нутагт байгаа баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа өөрсдөө өртэй болчихсон” гэв.
Нийгэмд
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль, нэг цэцэрлэг барина
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах долоон сургууль, нэг цэцэрлэг барих төсөл нээлтээ хийлээ. БСШУСЯ-аас гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг 2019-2020 оны хичээлийн жилд бүрэн хэмжээгээр хоёр ээлжид шилжүүлж, ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж, чанарыг сайжруулах зорилтын хүрээнд 142 цэцэрлэг, 97 сургууль барихаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
Уяачдын холбооны тэргүүлэгчдийг бүрэлдэхүүнээрээ огцрох нь зүйтэй гэж үзжээ
Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурал болжээ. “Дүнжингарав-2018” уралдаан холбогдох дүрэм журмыг зөрчсөн, зохион байгуулалт, эмх цэгц муу болсон гэж хурлаас дүгнэжээ. Түүнчлэн иргэд, олон нийтийн болон Тэргүүлэгчдийн санал шүүмжлэлд үндэслэн дүрэм журам зөрчсөн уяачдын цолыг хураах, морь уралдуулах эрхийг тодорхой хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авах санал дэвшүүлж, уяачдын ёс зүйг чанд сахиулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Мөн ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд хэдийгээр уг уралдааныг зохион байгуулахад оролцоогүй ч үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хариуцлага хүлээж, Холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Тэргүүлэгчид хүлээн авчээ.
"Төмөр замчид 22.8 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн амжилт гаргасан"
УБТЗ ХНН-ийн удирдлагын үйл ажиллагааны талаар төмөр замчид байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ. Монголын төмөр замын ҮЭХ-ны дарга Б.Баяраа "Бид өнөөдөр хар мэдээллээс зайлсхийж, УБТЗ-ын үйл ажиллагааны талаар эерэг мэдээллүүдийг тараахыг хүссэн юм. Манай төмөр замчид 2017 онд 22.8 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргаж, ачаа тээврийн хэмжээ 14 хувийн өсөлттэй гарлаа. Он гарсаар ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 80 гаруй хувийн өсөлттэй байна”гэлээ.
Дэлхийд
Кемерово хотын худалдааны төвд гал гарч олон хүн амиа алдав
Кемерово хотын худалдааны төвд түймэр гарснаар амь үрэгдсэн хүний тоо 64 хүрснийг Мөрдөн байцаах хороо нотлосон байна. Урьдчилсан мэдээгээр тэдний дунд 41 хүүхэд байгаа ажээ. Түймрийн улмаас 50 хүн түлэгдсэнээс 43 нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Гал унтараахад 500 хүн оролцож, нийтдээ 100 нэгж техник дайчилжээ. Амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд болон түлэгдсэн хүмүүстэй Онцгой байдлын яамны 30 орчим сэтгэл судлаач ажиллаж байгаа аж.
Ким Чен Ун БНХАУ-д айлчлав
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун анхны айлчлалаа хийхээр Бээжинд ирснийг Блумберг агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн уламжилснаар, айлчлалын нарийн ширийн асуудал, тухайлбал БНАСАУ-ын удирдагч хэнтэй уулзах, айлчлал хэр удаан үргэлжлэх эсэхийг мэдээлээгүй байна. Умард Солонгосын удирдагчийн тусгай галт тэрэг хилийн Даньдун хотоор дамжин өнгөрснийг Японы Кидо агентлаг өмнө нь мэдээлжээ.
Хоёр Солонгосын удирдагчид ирэх сарын 27-нд уулзахаар болов
Умард ба Өмнөд Солонгосын албаныхан хилийн Панмунжом тосгонд уулзаж, хоёр орны удирдагчдын уулзалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцэж байгаа аж.
Уг хэлэлцээрийн эхний үр дүн болох Ким Жон Ун, Мүүн Жэ Ин нарын уулзалтын тов тодорхой болсныг мэдээллээ. Хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хилийн Панмунжом тосгонд уулзахаар болжээ.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ