“Дахин тэвчихгүй” жагсаалд олон мянган хүн нэгдлээ

Сүхбаатарын талбайд өнөөдөр хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулахаар олон мянган хүн цуглажээ. Тухайлбал, эцэг, эхчүүд, ТББ-ууд, Их сургууль, дунд сургуулийн оюутан, сурагчид бүгд “Дахин тэвчихгүй” тайван жагсаалд оролцож байна.

11:00 цагаас эхэлсэн уг жагсаалыг анх долоон ээж санаачилсан бөгөөд тэдний уриалгад 414 мянга гаруй хүмүүс нэгджээ.

Жагсаалыг зохион байгуулагч А.Амаржаргал "Бид хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг байнга л харж, сонсож байгаа боловч хэдэн өдөр яриад л, долоо хоноход мартдаг болчихжээ. Тийм учраас бидний хэдэн ээж нар нийлээд нэг ч гэсэн хүүхэд дахиж битгий хүчирхийлэлд өртөөсэй гэсэн үүднээс өнөөдрийн жагсаалыг зохион байгуулж байна.

Энэхүү жагсаалыг бид ийм өргөн цар хүрээтэй болно гэж анх тооцоогүй. Зөвхөн ээжүүд нэгдэж, жагсаал зохион байгуулаад, Төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэе гэсэн зорилготойгоор жагсаалыг санаачилсан.

Харин өнөөдрийн байдлаар жагсаалыг дэмжиж байгаа 414 мянга гаруй хүн байна. Бидний хүсэж буй зүйл нь хүчингийн гэмт хэрэгтнүүдийг өршөөлд хамруулдаггүй, тэдэнд ялын дээд хэмжээ олгодог байхюм.

Мэдээж хэрэг үүнээс гадна эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулж, тэднийгээ сонсож, юу болсон тухайн мэддэг байх хэрэгтэй төдийгүй хүүхдийнхээ хамгийн ойрхон сэтгэл зүйч нь байгаасай гэж хүсч байна" гэв.

Жагсаалыг зохион байгуулагчид “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийн хохирогчийг хамгаалах хууль эрхзүйн орчныг сайжруулах, Гэр бүлийн хүрээнд хүүхдээ хамгаалах” гэсэн хоёр ажлыг гол болгож байгаа бөгөөд Хүүхдийн биеийн болон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгаж, өршөөл үзүүлдэггүй болох тухай шаардлагадаа тусгажээ.

  • Хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг түүнд ногдуулах ялын бодлогыг чангатгах, үр нөлөөтэй байлгах,
  • Хүүхэд хүчирхийлэгчийг бүх насаар нь хорих ялтай болгох,
  • Бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт этгээдэд өршөөл, уучлал үзүүлдэггүй байх,
  • Гэмт этгээдийн ял завших боломжийг хаах эрх зүйн зохицуулалтуудыг боловсронгуй болгох,
  • Хүүхдийн хүчирхийлэл гарахаас өмнө тухайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар үр дүнтэй арга хэмжээ авахуулах,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангах,
  • Архи, согтууруулах ундааны тухай хуулийг чангатгах, архины үйлдвэрүүдийг хязгаарлах, түүгээр үйлчлэх цэгүүдийн хяналтыг сайжруулах,
  • Зочид буудлуудын тоог хязгаарлах, зөвшөөрөлтэй зочид буудлуудад тавих хяналт, дүрэм журмыг сайжруулах,
  • Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн хэрэгжилтийг сайжруулах, үр нөлөөтэй болгох зэрэг болно.

Тэд өөрсдийн шаардлагыг дөрөвдүгээр сарын 2-ны даваа гарагт эрх баригчдад хүлээлгэн өгч, 7-14 хоногийн дотор хариугаа авах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ