Ухаалаг утас нүдийг гэмтээж байна

Одоо үед техник технологийн хөгжил нь хүний ажлыг хөнгөвчлөх давуу талтай чэрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хандлага сүүлийн жилүүдэд ихээр ажиглагдаж буй. Үүний дотор ухаалаг утсыг өдөр, шөнөгүй ширтэж байгаагаас хүмүүсийн нүдний хараа эрс муудаж, бүр хараагүй болсон тохиолдол ч гарсаар байна.

Үүнийг сүүлийн үеийн судалгаанууд баталсаар байгаа юм. Гар утас, таблет, зурагт, компьютерын дэлгэцээс цэнхэр туяа ялгардагыг та мэдэх үү. Хуучны төхөөрөмжүүд цэнхэр туяа бага ялгаруулдаг байв. Харин одоо өнгө дүрсний ялгарал, тод гэрэл зэрэг нь сайжирч, тэр хэрээр цэнхэр туяа ч нэмэгдсэн. Энэ талаар эцэг, эхчүүд мэдэлгүй хүүхдэдээ ухаалаг гар утсаар хүүхэлдэй үзүүлж, тоглуулж байгаа нь бодсоноос ч илүү хор уршигтай аж.

Энэ талаар “Болор мэлмий” эмнэлгийн ерөнхий эмч Б.Цэцэгжаргал “Одоо цагт ээж, аав нар хоёр настай хүүхдийнхээ уйлахаас нь айж гар утас өгдөг болжээ. Энэ бол байж болшгүй зүйл. Хүүхэд 16, 17 нас хүрч ахуйн хэрэглээнд зайлшгүй шаардлагатай гэсэн үед нь л гар утас өгөх нь зүйтэй гэж би зөвлөдөг. Харин тэр үед туяаны хамгаалалттай шил зүүх хэрэгтэй” гэлээ.

Дэлгэцийн цэнхэр туяаг удаан харахад нүдний эвэрлэг бүрхэвчид эрт үеийн өөрчлөлт ордог. Улмаар өнгө ялгахаа больдог ажээ. Одоо АНУ-л гэхэд цэцэрлэгийн насны 12 хүүхэд тутмын найм нь харааны шил зүүх шаардлагатай хэмжээнд очжээ.

Мөн ухаалаг утас ашигласнаар нүдний хараанд огцом өөрчлөлт орж, эмчилгээ хийлгэхгүй бол бүр хараагаа алдах аюулыг Их Британийн эмч нар судалсан байна. Тухайлбал, 22-40 насны хоёр англи эмэгтэй “15 минут орчим юу ч харахаа байчихлаа” хэмээн эмчид ханджээ. Эмч нарын тайлбарлаж буйгаар ийм байдалд орохыг “түр харалган болох” гэж нэрлэдэг байна. Дээрх эмэгтэйчүүд унтахаар хэвтэх үедээ үргэлж утсаа оролддог байсан бөгөөд, энэ үед нэг нүд нь илүү ачаалал авдаг байжээ.

Өөрөөр хэлбэл, хажуу тийш харж хэвтсэн тохиолдолд нэг нүдийг нь дэр таглаж, зөвхөн нөгөө нүдээрээ утас хардаг аж. Харин утас унтарсны дараа хүний нүд харанхуйд дасан зохицох гэж тодорхой хугацаа зарцуулдаг ба үүнийг “Түр зуур харалган болох” шалтгаан болдог гэж Их Британийн эмч нар тайлбарлажээ.

Хүн ердийн үед нэг минутад 15-20 удаа нүдээ анивчиж шаардлагатай тос, чийгээ нөхдөг. Харин ном унших, утас ширтэх, зурагт үзэхэд 3-8 удаа л анивчдаг нь ердийнхөөс 60 хувиар бага үзүүлэлт юм. Энэ нь нүд хуурайшиж, загатнах шалтгаан болно. Нүд бол булчинлаг эрхтэн. Тиймээс дасгал хийлгүй удахад булчин сулардаг шиг нүдний хараа ч мууддаг аж.

Үүнтэй холбоотойгоор П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэг нүдний өвчлөлийн талаар нэгэн судалгаа хийжээ. Тус эмнэлэг өнгөрсөн онд 1075 хүнд нүдний мэс засал хийсэн талаарх судалгаанд дурдсан байв. Мөн дахин 8000 хүн болор шилжүүлэн суулгуулах шаардлагатай гэж оношлогджээ. Хэдийгээр бүгд ухаалаг төхөөрөмжөөс ялгарах цэнхэр гэрлээс үүдэлтэй гэж хэлэхгүй ч, бага насны хүүхдүүд, залуучуудын нүдний өвчлөлийн суурь шалтгаанд голлон нөлөөлдөг гэж эмч нар хэлж байна.

Одоогоос 10 орчим жилийн өмнө нүдний өвчлөл 60-70 түүнээс дээш насны ахмадуудад ихэвчлэн тохиолддог хөгшрөлтөөс үүдэлтэй эмгэг гэгддэг байв. Гэтэл орчин үед гар утас, таблетын цэнхэр гэрлийн нөлөөгөөр бага насны хүүхэд, залуучуудын хараа эрс муудаж, нүдний өвчлөл эрс ихсэж байгаа нь анхаарах чухал асуудал боллоо.

Иймднүдний өвчлөлд наснаасаа эрт дарлуулж, эдийн засаг болон эд эрхтэнээрээ хохирохгүй байх нөхцөлийг хүн өөрөө л бий болгох шаардлагатай аж. Үүний хамгийн эхний арга нь дэлгэцийн “цэнхэр гэрэл”-ээс өөрийгөө хамгаалах юм.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ