"Ч.Сайханбилэгт прокуророос дуудах хуудас хүргүүлсэн байгаа"

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг дараах мэдээллийг өгөв.

-АТГ-аас өчигдөр Оюутолгойн төсөлтэй холбоотой нэр бүхий дөрвөн хүнийг баривчилсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг нэмж холбогдуулан шалгаж эхэлсэн. Сая дурдсан нэр бүхий хүмүүсийг өчигдөр /2018.04.01/ сэжигтнээр баривчилсан. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Мөн “Стандарт” банкнаас “Жаст “ХХК зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасан гэх хэрэгтэй холбогдуулж тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг /2018.04.01/ сэжигтнээр баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

- Аль гэрээтэй холбогдуулан нэр бүхий хүмүүсийг баривчилсан бэ?

- 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ,2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө гээд бүх гэрээ, төлөвлөгөөг шалгаж байгаа.

Цаашид С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг яллагдагчаар цагдан хорих шаардлагатай гэж АТГ-аас үзэж байгаа. Яллагдагчаар татах хүсэлтээ Нийслэлийн прокурорт хүргүүлсэн. Үргэлжлүүлэн цагдан хорих саналыг мөн шүүхэд хүргүүлнэ. Мөрдөн шалгах ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Энэ мэдээллийг прокурорын зөвшөөрөгдсөн хэмжээнд хүргэж байна.

- Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг баривчлах уу?

- Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг одоогоор гадаад улсад байгаа. Түүнд прокурорын дуудах хуудсыг хүргүүлсэн. Түүнийг эх орондоо ирсэн үед нь Дубайн гэрээтэй холбогдуулан байцаалт авна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ