Б.Жагар: Бид УИХ-ын хаврын чуулганыг эхлүүлэхгүй


Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд мэдээллийн эхэнд "Төрийн эсрэг гэмт хэрэг мэдүүлсэн 60 тэрбумын асуудал оффшор дансанд баялгийн мөнгийг нуун дарагдуулсан гэмт хэрэгтнүүд болон Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт үйлдвэрийг хувьдаа завшсан хууль бус асуудлыг шийдвэрлэж чадахгүй тэднийг хаацайлан дэмжиж байгаа УИХ-ыг тараахыг тулган шаардаж байна" гэв.
Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагчБ.Жагар “Оффшор данстай, гэмт хэрэгтнүүд сайн дураараа тарна гэж хэзээ ч байхгүй. 76 гишүүнд бид нар ямар ч өргөдөл гомдол шаардлага өгөөд аливаа асуудал шийдэгдэхгүй гэдэг нь маш тодорхой байна. Одоогийн их хурал эрхзүйн чадамжгүй гэдэг нь олон зүйлээр нотлогдож байгаа. Жишээлбэл, хүчингийн хэрэг үйлдээд гэмт хэрэг нь нотлогдсон байхад, тэр аюултай гэмт хэрэгтэн төрийн ордонд явж байна. Энэ нь нийгэмд өнөөдөр хүчингийн хэрэг хийхийг бодитоор уриалж байна гэсэн үг. Хууль эрхзүйн орчныг яагаад яриад байна гэхээр зөрчлийн тухай хууль нь мөнгөтэй нь шоронд ордоггүй, мөнгөгүй ард иргэд нь шоронд ордог гаж тогтолцоотой болгочихлоо.
Тийм учраас энэ завхралыг арилгахын тулд Монгол Улсад дөрөвдүгээр сарын 5-ны өдөр болох УИХ-ын хаврын чуулган эхлүүлэхгүй. Албан ёсоор хувьсгал хийнэ, Монгол Улсын Ерөнхийлөгч онц байдал зарлаж, ард түмнийхээ хүсэлт шаардлагыг хүлээн авч Монгол Улсад түр Засгийн газар байгуулна гэж найдаж байна.
Монгол Улсын гурван сая иргэн дунд 76 гишүүдээс боловсролтой, монголоо гэх сэтгэлтэй залуучууд байгаа. Тэр залуучууд одоо гарч ир. Төр засгаа ав. Энд байгаа бид нар төр засгийн ямар ч эрх мэдэлд оролцохгүй. Тиймээс дөрөвдүгээр сарын 5-ны өглөө 8:00 цагт төрийн ордны бүх хаалгыг бүсэлж, УИХ-ын гишүүдийг оруулахгүй. Аминдаа хайртай бол 76 гишүүд төрийн ордон руу битгий зүглээрэй гэж хэлмээр байна. Зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг онц байдал зарлах тушаал гаргана гэж найдаад ордон руу оруулна.
Манай хөдөлгөөн ганцаараа биш. Ардын нам, Ардчилсан намдоторх оффшор дансгүй олон сайд дарга нар, УИХ-ын гишүүд бид нарыг дэмжиж байгаа. Өнөөдөр Монгол Улсыг аврах цорын ганц найдвар нь монголын ард түмэн өөрсдөө. Тэрнээс биш аль нэгэн нам бүлэглэл биш" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ