47 сая доллараар гүүр барих уу, 4 саяаар туннель барих уу?


Энэ онд хэрэгжүүлэх томоохон ажлын нэг бол Замын цагдаагийн газрын баруун урд гүүрэн гарц барих юм. Одоо байгаа уулзвар нь зүүн тийш Нарантуул худалдааны төвийн уулзвар баруун тийш Энхтайвны гүүр, хойшоо Гадаад харилцааны яам, урагшаа “Home plaza” хүртэл түгжирдэг. Төмөр замтай уг автозам нь нэг түвшинд огтлолцдог байсны улмаас осол аваар гарах, амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдэл маш их гардаг. Гүүрэн гарцын бүтээн байгуулалтыг хийснээр дээрх асуудлууд бүрэн шийдэгдэнэ гэдгийг албаныхан хэлж буй юм.
Гэвч Замын цагдаагийн уулзвараас “Home plaza” хүртэл тавих гүүр зарим аж ахуй нэгжийн “боссууд”-ын эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн байна. Тэд “Нэгэнт барьсан үйлчилгээний төвийг нураах аргагүй. Гүүр бариулахгүй” хэмээжээ. Тэдний хүсэлтийг харгалзан гүүрэн гарцыг “Home plaza”-гийн барилгад хүрэхээргүй байдлаар судалж шийдэхээр болсон байна.
Угтаа “Home plaza”-гийн суурин дээр нийслэлээс дөрвөн замын уулзвар барихаар төлөвлөж байсан чНИТХ-ын дарга асан Ц.Сандуй нэр нөлөөгөө ашиглан шинэ барилга барьсан гэлцдэг. Тухайн үед газрын зөвшөөрлийг нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаяр олгож байжээ. Хэрэв “Home plaza” баригдаагүй бол тэнд тэгтлээ их түгжрэл үүсч, осол аваар гарахгүй байх байсан гэдгийг мэргэжилтнүүд ч хэлдэг.
Түүнчлэн гүүрэн гарц барихтай холбоотой нийгэмд үүсээд буй нэг шүүмжлэл бол 47 сая ам.долларын санхүүжилтээр хийж гүйцэтгэх нь хэтэрхий өндөр дүн гэх шүүмжлэл. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хотын төвтэй маш ойрхон машинд зориулсан гүүрэн зам барих нь эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчны хувьд маш муу гэв.
Гүүрэн гарцыг автомашины түгжрээг багасгах зорилгоор барихаар шийдвэр гаргасан. Гэтэл замаа өргөсгөлөө гээд хотын түгжрээ буурдаггүй гэдгийг олон хотууд туршаад мэдчихсэн. Яагаад гэвэл зам нээгдмэгц тэр замаар явах эрэлт бүүр нэмэгдэж тэр хэмжээгээрээ олон машин явдаг болж түгжрээ үргэлжилнэ. Ялангуяа манай хот шиг хаа сайгүй түгжирдэг газарт энэ зэргийн өөрчлөлт олигтой үр дүн авчрахгүй. Нэмж хэлэхэд барихаар төлөвлөсөн гүүрэн гарц ердөө л дөрвөн эгнээ.
Иймэрхүү гүүрэн гарцыг арчлах, засах зардал маш өндөр байдаг. Шинээр баригдах үед мэдэгдэхгүй ч 10 жилийн дараанаас л жил бүр маш өндөр зардлаар засах арчлах хэрэг гарна. Урт хугацаандаа засах болон нураахад эхний $42.3 сая ам.доллараас илүү зардал гарахыг үгүйсгэхгүй. Манай хот шиг хангалттай асуудалтай газарт өндөр зардлаар нэмж асуудал барих шаардлага бий юу?

Тус гүүрэн гарц явган болон дугуйтай зорчигч зорчих боломжийг бүрэн хаана гэхэд болно. Хотын төвөөсөө 1.5 км-ийн зайнд (30 минут алхах зайнд) гүүрэн гарц барьж цаана нь амьдардаг 10 гаруй мянган иргэний чөлөөт явган хөдөлгөөнийг хааж байгаа юм. Явган явах боломжгүй болсон иргэд бүүр л их машин унах болсноор түгжрээ нэмэгдэх болно.
Гүүрэн замын хажуугаар явахад маш тухгүй болох тул тэр хэмжээгээрээ хүн явдаггүй хоосон гудамж бий болно. Ингэснээр тэр хавиар байдаг үйлчилгээний газрууд хөл хөдөлгөөнгүй болж орлого багасна. Мөн хүнгүй хоосон, харанхуй гудамжинд гэмт хэрэг ихсэж аюултай болдог.
Угтаа энэ их зардлаар бид өөр олон түгжрээтэй тэмцэх шийдлүүдийг нэвтрүүлж болно. Арга ядахад төсөвлөсөн зардлынхаа тодорхой хэмжээгээр HomePlaza гэж нэрлэгддэг зам дээр барьсан байшинг зах зээлийн үнэлгээгээр худалдаж авч, нурааж зам өргөсгөж болно. Мөн "Гудамж төсөл"-ийн санал болгож буй туннелийг 4 сая ам.доллараар барьж татвар төлөгчдийнхөө мөнгийг хэмнэж болно.
Бид зөвхөн машинд зориулж тээврээ төлөвлөдөг, замаа барьдаг байхаа болиод явган хүн, дугуйтай хүн зорчих боломжийг нэмэн нийтийн тээврийн сүлжээг тэлж өгвөл олон хүнд хүртээлтэй байх юм. Ингэж чадвал жинхэнэ утгаараа түгжрээг багасгаж чадна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ