"Бөхийн өргөөнд үзвэр үйлчилгээ явуулахыг хориглосон"


Нийслэлийн Онцгой Байдлын Газраас соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж эхэлсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Онцгой Байдлын Газрын дэд дарга Н.Нямхорлоо "Нийслэлийн Засаг даргын 2018 оны 78 дугаар захирамжийг үндэслэн НОБГ, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Нийслэлийн Цагдаагийн Газрын хамтарсан ажлын хэсэг нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа үзвэр үйлчилгээний байгууллага, худалдааны үйлчилгээний төвүүд, төвлөрсөн захууд, хүн ам олноороо төлвөрдөг аж ахуйн нэгж байгууллагууд дээр дөрөвдүгээр сарын 04-нөөс дөрөвдүгээр сарын 23-ныгхүртэл үзлэг шалгалтыг хийхээр ажиллаж байна.
Тус хяналтад нийт 50 аж ахуйн нэгж хамрагдана. Үзлэгийн зорилго нь хүн ам олноор төвлөрдөг аж ахуйн нэгж байгууллагуудын аюулгүй байдал, гамшгаас хамгаалах, галын аюулгүй байдал, барилгын тухай, төрийн хяналт шалгалтын тухай зэрэг хууль, норм стандартын хэрэгжилтийг хангахад чиглэж байна.
Онцгой байдлын байгууллагын зүгээс аж ахуйн нэгжүүдэд галын аюулгүй байдал хэрхэн хангагдсан, анхан шатны багаж тусламжийн бэлэн байдал, аюулгүй гарц тэмдэг тэмдэглэгээ ямар байдалтай байгаа зэргийг шалгана.
Шалгалтын хугацаанд илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах, шаардлагатай нөхцөлд зөрчилд дутагдалд хуулийн дагуу хариуцлага тооцно. Ажлын хэсгээс тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг норм стандарт, хууль дүрмийн хэмжээнд томоохон зөрчил гарсан үед хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсооно.
Барилга байгууламжийн 70 орчим төрлийн стандарт байдаг. Үзвэр үйлчилгээний байгууллагууд хүний тооноос хамаараад орц гарцтай байх ёстой. Байгууллагуудад зайлшгүй нөөц орц гарц, авралтын хаалгууд байх хэрэгтэй.
Саяхан Бөхийн өргөөнд концерт, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Бөхийн өргөө концерт, олон нийтийн үйлчилгээ явуулах зориулалтгүй. Бөх барилдах үйл ажиллагаа явуулах, түүндээ таарсан стандартаар баригдсан барилга. Тэгэхээр зориулалтын бус газар бол үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Томоохон худалдааны төвүүдийн 60 орчим хувь нь зориулалтын байранд үйл ажиллагаа явуулдаг" гэлээ.
Нийслэлийн Цагдаагийн Газрын хэв журмын хэлтсийн ахлах байцаагч Г.Ганбаяр "Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх чиглэлийн хүрээнд цагдаагийн байгууллагаас төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хэд хэдэн ажил хэрэгжүүлнэ.
Тухайн байгууллага цагдаагийн байгууллагатай гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн хамтарч ажилладаг болох, мөн байгууллагын болон иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа, гэрээт харуул хамгаалалт манаатай эсэх, хяналтын камерыг стандартын дагуу байрлуулсан уу зэргийг шалгана" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ