"Хүчит шонхор" захыг хотоос нүүлгэх нь зөв үү?


Амралтын өдрийн өглөө эртлэн босож хүчит шонхор захыг зорилоо. Махны зах болоод ч тэр үү, эхүүн үнэр хамар цоргиж, дотор муухайруулна. Хаа сайгүй л тэргэн дээр мах ачсан хүмүүс, “Хойшоо, урагшаа, наашаа, цаашаа, холдоорой” гэж хашгираад л, сүрдмээр шүү. Нэг хэсэг “Хүчит шонхор” зах хог новшиндоо дарагдаад, хөл гишгэхэд ч хүндхэн болсон байсан.
Харин одоо хог гэхээр юм харагдсангүй. Цэвэрлэгч нар дор бүр нь шүүр, хүрз бариад цэвэрлэж байгаа харагдсан. Гэхдээ л олон талаас нь бодоход хотын төвдөө мах худалдаалдаг зах байх нь тохиромжгүй. Тийм ч учраас хотын удирдлагууд түм түжигнэж, бум бужигнасан томоохон захуудыг нүүлгэх тухай ам ангайгаад буй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатарт хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 400 мянган орчим мал бий. Тэд бүгд Улаанчулуутын хогийн цэг дээр бэлчдэггүй. Улаанбаатар хотод ирж байгаа мах баталгаагүй, хяналтгүй нь үнэн. Тиймээс хотод худалдаж, борлуулах мах нь зөвхөн үйлдвэрийн аргаар нядлагдсан, гарал үүслийн гэрчилгээ, баталгаатай байх ёстой. Хотын хоёр захад том хэмжээний амьд малын зах ойрын хугацаанд барихаар төлөвлөсөн.
Ингэснээр малчид ченжээр дамжуулахгүй махаа зарж, иргэд ч тухайн захаас баталгаатай мах худалдан авдаг болно. Сүү, сүүн бүтээгдэхүүн дээр ч ялгаагүй. Задгай сүү худалдахыг хориглох гэх мэт хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарч байгаа” гэсэн юм.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Шүлхийтэй мал тээвэрлэн оруулж ирсэн, хариуцлага алдсан иргэн, албан тушаалтнуудыг тогтоохоор ажиллаж байгаа гэх.
Ийнхүү "Хүчит шонхор" захыг хотоос нүүлгэх шалтгаануудыг бодоод үзье.
1. “Хүчит шонхор” зах нь ихэвчлэн бөөний худалдаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, орон нутгийн хүмүүс махаа авчраад ченжүүдэд бөөндөнө. Харин ченжүүд нь дэлгүүрийнхэнд шахчихна. Ер нь бол хүмүүс ганц, хоёр кг мах авахаар “Хүчит шонхор”-ыг зорих нь тун ховор, бараг л үгүй. Голдуу гулуузаар нь л авдаг. Тиймээс уг захыг хотоос холдуулахад буруу зүйл байхгүй. Хотоос нүүлгэснээр автозамын ачаалал 20 битгий хэл хувиар буурна гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй.
2. Хамгийн хачирхалтай нь энэ зах махных гэхээсээ илүүтэй машиных уу гэж эндүүрмээр. Захын хашаа дүүрэн машин. Булан тохой, нүх бүрт нь машин эгнүүлэн тавьсан байна. Талбайн гол хэсэгт нь мах зарж байгаа зай завсаргүй машин чигжжээ. Дээрээс нь Дэнжийн мянгын зам гэж там. Дэндүү нарийхан, энд тэндээ энхэл, донхолтой. Тиймээс 09:00 цаг гээд л энд битүү түгжрэл үүсдэг.
3. Max бол монголчуудын нэг номерийн хүнс. Тийм ч учраас эрүүл ахуйн шаардлага хангасан байх хэрэгтэй. Хөрсний бохирдолгүй, цэвэр орчинд махыг худалдах учиртай. Гэтэл тус зах задгай талбайд мах худалдаалж буй юм. Дэнжийн мянга орчим нь тэр чигээрээ гэр хорооллоор хүрээлэгдсэн. Мэдээж энд хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн. Шороо тоос, агаарын бохирдол хэрээс хэтэрсэн. Хажуухандаа залгаа шахам оршуулгын газар байдаг.
Дээрх шалтгаанууд “Хучит шонхор” захыг нүүлгэх тодорхой үндэслэл болох биз. Үйл ажиллагаагаа эхлүүлээд 20 гаруй жил болж буй энэ захыг хотоос нүүлгэхэд эсэргүүцэх хүн цөөн байх болов уу. Тиймээс хотын удирдлагууд захуудыг нүүлгэх ажлаа түргэвчилвэл буруутахгүй биз ээ.
Бид хэдий болтол иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлаар дэнчин тавьж суух вэ. Цаашид Улаанбаатар хотын хоёр захад мал, малын гаралтай бүтээгдэхүүн борлуулах орчин үеийн стандартын шаардлага хангасан зах байгуулах шаардлагатай байна. Үйлдвэрийн бус аргаар боловсруулсан махыг цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн зэрэг байгууллагад нийлүүлэхгүй байх, улмаар 2020 он гэхэд үйлдвэрийн аргаар боловсруулаагүй махыг боловсрол, эрүүл мэндийн байгууллага, нийтийн хоолны газар нийлүүлэхийг хориглох хэрэгтэй юм.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ