"Гэр бүлийн хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн сан"-тай боллоо

"Гэр бүлийн хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн сан"-г өнөөдөр нээлээ.

Энэ талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг "Гэр бүлийн хүчирхийллийн мэдээлэл өмнө нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, хохирогчоос гарсан өргөдлийн хүрээнд бүртгэгддэг байсан.

"Гэр бүлийн хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн сан"-тай болсноор цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухай дуудлага ирсэн тохиолдол бүрт бүртгэнэ. Энэхүү сан нь зөвхөн цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллийг бүртгэх биш энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудын мэдээлэл бас бүртгэгдэнэ.

Цагдаагийн байгууллагад жилдээ хагас сая орчим дуудлага мэдээлэл ирдэг. Үүний 30 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл байдаг. Цагдаагийн байгууллагын албан хаагч гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд очихдоо өмнө нь ямар цагдаагийн албан хаагч очиж байсан, өмнө нь ямар хүчирхийлэл тухайн айлд болж байсан талаар мэдээллийг авах боломжгүй байсан бол нэгдсэн сантай болсноор энэ бүхэн нээлттэй болж байна.

Цагдаагийн байгууллагад 2018 оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 24,034 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Урьд оны мөн үеэс энэ төрлийн гэмт хэрэг харьцангуй буурсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хандлага нийгэмд төлөвшөөд байна.

Түр хамгаалах байраар 200 орчим өрхийн 300 орчим иргэн үйлчлүүлээд байгаа. 21 аймгийн зургаан аймагт нь хамгаалах байр бий. Одоогоор бид дөрвөн аймагт гэр бүлийн хүчирхийллийн нэгдсэн сангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийгээд байна. Цаашид бүх аймгууд мэдээллийн нэгдсэн сантай болно" гэлээ.

Мэдээллийн нэгдсэн сан нь:

  • Яаралтай тусламжийн 102 дугаарын утас
  • Вэб сайтад суурилсан бүртгэлийн систем
  • Цагдаагийн хамгаалах байран дах дотоод мэдээллийн систем гэсэн гурван эх үүсвэртэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ