Автомашин ачилтыг "ухаалаг" хэлбэрээр хянадаг болно

Нийслэлийн зургаан дүүрэгт замын хөдөлгөөн хааж, дүрэм зөрчсөн машиныг ачиж, тээвэрлэдэг 17 компани байдаг. Машинаа хууль бусаар ачууллаа гэх гомдол иргэдийн дунд тасардаггүй. Тэгвэл энэхүү маргаантай асуудлын хянахын тулд смарт хэлбэр рүү удахгүй шилжих аж. Өөрөөр хэлбэл ачилтын компаниудыг “Е” баримтаа төлсөн эсэх, хууль бус ачилт хийж байгаа эсэхийг хянах бүрэн боломжтой болох юм.

Тус хяналтыг Автозамын хөгжлийн газар, Замын цагдаа, татвар зэрэг газрууд хийх бөгөөд ачилтын компани ямар нэгэн зөрчил гаргаж, буруу үйлдэл хийсэн тохиолдолд эрхийг нь шууд цуцлах тухай тусгасан аж.

Энэ тухай албаны эх сурвалжийн мэдээлснээр “Бид энэ смарт хэлбэр рүү маш богино хугацаанд шилжихээр төлөвлөсөн. Смарт хэлбэрт шилжихээр тухайн ачилтын компани видео бичлэг хийнэ. Тэр бичлэг Замын цагдаад шууд очно. Замын цагдаа видео үзээд зөрчил байвал ачих зөвшөөрөл олгох юм. Хэрэв иргэн машинаа ачуулсандаа гомдолтой байвал видео бичлэгийг мэдээлэл дээр үндэслэн гар утаснаасаа үзэх, хянах боломж бүрдэх юм” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ