“Гэгээн Муза” наадам ирэх сард шилдгээ тодруулна

“Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадам тавдугаар сарын 07-13-ны өдрүүдэд болно. “Гэгээн Муза”-гийн шилдэгт өрсөлдөх жүжгүүдийн шалгаруулалтын тоглолт тавдугаар сарын 07-12-ны өдрүүдэд УДЭТ-т болох бөгөөд 13-нд шагнал гардуулах ёслолын ажиллагаа болох ажээ. “Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадам “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл” гэсэн номинациар зохион байгуулагдах юм байна.

Энэ удаагийн “Гэгээн Муза” наадамд Монгол, ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украйн улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцоно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Энэ удаагийн наадмын “Нэр дэвшүүлэх комисс”-ийн нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 50 гаруй уран бүтээл бүртгэгдэж, 26 бүтээл шалгаран, хоёрдугаар шатанд цомын төлөө өрсөлдөхөөр болжээ.

Шалгаруулалтанд оролцох 26 бүтээлд ойролцоогоор 500 гаруй уран бүтээлч оролцох ба тэднээс 90 гаруй уран бүтээлч дээрх дөрвөн төрөлд нэр дэвшиж байгаа юм. Наадмын зочин шүүгчээр ОХУ-ын гавьяат жүжигчин, Оросын театрын зүтгэлтэн нарын холбооны гишүүн В.В.Мирошниченко, Коссова улсын Олон улсын театрын институтийн Ерөнхийлөгч, жүжигчин, найруулагч Ментор Зумбераж, Хонконгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пуун нар урилгаар ирж ажиллах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ