Хатан Туул цаазын тавцанд иржээ

Туул голыг бид нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр гэдгээр нь сайн мэднэ. Тийм ч учраас энэ голд асуудал тулгамдах бүрт “Нийслэлчүүд ундны усгүй боллоо”, “Улаанбаатар хотын иргэдийн ундны ус бохирдлоо” гэж зөвхөн өөрсддөө хамаатуулж ярьж, шуугисаар энэ гол зөвхөн дөрвөн уулын дундах 1.3 сая хүнийг тэжээж тэтгэх ширгэшгүй далай мэт төсөөлөгддөг болжээ.

Голын усыг тэжээгч гол хүчин зүйл болох мод, бургас нь үгүйрч байхад энэ талаар дуугарч байгаа хүн ч алга. Туул голын эрэг дагуух хэдэн мянган га бургасыг хядаж, тансаг зэрэглэлийн харш барих тухай мэдээлэл 2010 оны үеэс чих дэлсэж эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш Хатан Туулын бургас бага багаар хядагдсаар.Сүүлдээ бүр Хан богд уулын энгэрийг ухаж , Хатан туул ижийн бургасыг хядах "Цаазын ял"-ыг байгаль орчны сайдууд хавтгайруулан олгосон бололтой юм.

Гол ус ширгээж, бургас хядан байж тансаг хаусаа барих санаархалаа өөдгүй хүмүүсөдий хүртэл тасралтгүй үргэлжлүүлсээр байна.

Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаж, олон нийтийн нүд чихийг сортойлгож байсан мэдээлэлд нэр бүхий дараах компани холбогдож байсан удаатай.

Тодруулбал, 2011 онд Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын хойд далангийн бургас огтлон, шатаасан. Хэргийн эзэн нь "Стандарт групп" компани байсан бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжаар 23.2 га газрыг орон сууц барих зориулалтаар ашиглах эрх бүхий 0066303 тоот газрын гэрчилгээгээр далайлгаж байв. Гэвч тус компанийн удирдлагуудыг санаатайгаар байгал орчин сүйтгэсэн гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад тэгсхийгээд намжиж байв.

Сүүлийн цөөхөн хэдэн жилд Хан богд уул, Хатан туулын орчимд зочид буудал, ресторан цэнгээний газар барих нь хэрээс хэтэрлээ. Үнэнийг хэлэхэд богд уулын нийслэл рүү харсан энгэр хавиар олон нийт, жирийн иргэдэд гишгэх газар үгүй болсон байна. Энэ газруудыг нийслэлээс бус байгаль орчны яамнаас олгодог тухай эх сурвалж хэлж байна.

Ер нь аль сайдын үед хэдэн төрлийн лицензийг олгосноор хичнээн төгрөгийн авлига авсан бэ. Чадахгүй царайлж байхаар нийслэл хотод газрын зөвшөөрлийг нь шилжүүлээч. Саяхан хотын дарга 25 суваг телевизийн "Ам нээвэл" ярилцлагын цагаар орохдоо "Хан богд уул, хатан туул орчмын газар олгох зөвшөөрлийг хотод өгчихвөл тухайн газрынх нь 30 хувьд олон нийтэд, жирийн ард иргэдэд зориулсан амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх ая тухтай орчинг бий болгож өгье" гэж хэлсэн. Үүнийг бол дэмжих хэрэгтэй.

Улаанбаатарыг ундаалан тэтгэдэг хамгийн том гол бол Туул. Хэрэв Туул голын амьсгал татвал нийслэлчүүд харангадах аюул нүүрлэнэ. Түүхэнд Туулын хар шугуй хэмээн тэмдэглэгдсэн энэ газарт иргэд дураараа мод бэлтгэж бургасыг хайр найргүй сүйтгэж байна. Нүдний цөцгий мэт хайрлах ёстой Туул гол, түүний ойр орчим дахь эко тогтоцыг хамгаалдаг байгууллага төрд бий. Гэвч тэнд юу болж байгааг мэдэх, мэдрэх төрийн байгууллага алга.

Уулын эргээр явж байгаа эргүүлийн цагдаа гэж алга. Байгаль хамгаалагчид, мэргэжлийн хяналтынхан гээд Туулаа, ойр орчных нь мод бургас, байгалийн тогтоцыг хүйтэн сэтгэлтэй, арилсан дотортой хүмүүсээс хамгаалах ёстой хүмүүс нь яагаад огт тоохгүй байна вэ. Нийслэлчүүдийн нүдний өмнө хамар дороос нь хатан Туулыг нь хөнөөж байгаа хүмүүстэй хэн, хэзээ ямар хариуцлага тооцохыг хэн ч мэдэхгүй байна. Туулын бургасыг цаазын тавцанд очихоос нь урьтаад аварч хамгаалмаар байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ