Төрийн албан хаагч бол үйлчлэгчээс өөр "хэн ч биш"


Хэдхэн хоногийн өмнө прокурор эмэгтэйгээс сэтгүүлч бүсгүй асуулт асуусны төлөө “Чи ямар их юм асуудаг юм. Ганц л асуулт асуугаач” гээд загнуулсан бичлэг цахим сүлжээнд“тренд” болов.
Угтаа бид өнөөдөр амьдарч байгаа нийгмийн өөрчлөлт, хөгжлөө дагаад бүгдээрээ л эрх тэгш үйлчилгээг хүртэж, “хүн” шиг үйлчлүүлж, мөн хэрэгтэй мэдээллээ аль болох бага зардлаар олж авахыг эрхэмлэдэг. Гэтэл харамсалтай нь бид төрийн өдөр тутмын үйлчилгээнүүдийг хүртэхдээ уур бухимдал, сэтгэл санааны дарамт, хэрүүл маргаанд өөрийн эрхгүй автаж сэтгэл дундуур явсаар байна.
Төрийн байгууллагууд дүрэм журмаа өөрчилж, иргэдэд “нээлттэй” болж байгаа гэж цаасан дээр тунхагласаар байгаа боловч яамд, тамгын газруудаар ороход нөгөө л хуучин байдаг бүдүүлэг харилцаа, хүнд суртал, хойрго, хөшүүн үйлчилгээ хэвээр байна. Зөвхөн өнгө будгаа засаж, өрөө бүрийн үүдэнд тухайн ажилтны олон сургууль дамжаанд хамрагдсан, “мундаг” хүн болохыг танилцуулсан самбар, танилцуулга л нэмэгджээ. Энэ нь ч нэг талаар авууштай юм. Гэвч бид жинхэнэ өөрчлөх ёстой зүйлээ өөрчилж чадахгүй л байна. Энэ нь юу вэ? Хэлэхэд маш амархан. “Хандлага” буюу ажилдаа, хамт олондоо, ер нь байгаа орчиндоо хэрхэн хандах, биеэ хэрхэн авч явах гээд хувь хүнийхээ хувьд өөртөө зайлшгүй бий болгож төлөвшүүлсэн байвал зохих нэгэн чанар юм.
Бид ажлын хамт олон дотроо өөрийгөө авч явах болоод үйлчлүүлэгчид, харилцагчид, түншүүд, иргэдтэй харьцах соёлд хэрхэн суралцсан билээ? Дунд сургуулийн сургалтын хөтөлбөр, дээд сургуулийн хичээлийн агуулгад үүнийг зааж, сургаж байна уу, эсвэл “амьдрал практик”-аас, бусдаас, гэр бүл, нийгмээс “өөрөө” суралцаж байна уу? Монголд үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компани, олон улсын байгууллагууд монгол ажилтнуудтай ажиллаж эхлэхээсээ өмнө “хандлага өөрчлөх” сургалтыг ажилтнууддаа явуулдаг байдал байнга ажиглагддаг. Энэ юуг өгүүлнэ вэ?
Манай улсад бизнесийн салбарын хөгжил төрийн байгууллагынхаас хол тасархай түрүүлж яваагийн нууц юунд байна вэ? Эдгээрийн хариулт тодорхой. Тохилог, тав тухай ажлын нөхцөл, өрсөлдөхүйц цалин, амьдралын баталгаа, ажил албан тушаалдаа өсөх боломж бүхэн ажлаа сайн гүйцэтгэж байгаа “зөв” хүнд нээлттэй байж, бизнесийн байгууллагууд ч сургууль төгссөн чадварлаг “залуу” боловсон хүчнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар өрсөлдүүлэн авч, ажилд нь мэргэшүүлэн, сургаж, хөгжүүлж авах сонирхол давамгайлж байна. Тэд ажилд авах хүндээ “зөв” хүн байх шаардлага тавьдаг.
Өнөөдөр төрийн байгууллагын бүх шатны албан хаагчид, албан тушаалтнуудын хувьд зайлшгүй эзэмших, төлөвших ёстой нэг зүйл бол эерэг хандлага эзэмших явдал болжээ. Энэ нь хамт ажиллагсад дортоо ч бус, төрийг төлөөлж иргэдэд үйлчилгээ үзүүлж буй албан хаагчдад зайлшгүй эзэмших ёстой нэгэн чухал чанар болоод байна. Бид эмч нар өвчтөнийг тоохгүй байна, багш нар хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж харьцдаг, төрийн байгууллагынхан “хүнд суртал” гаргадаг, бас л зэрэг зиндаа, албан тушаал зэргээр хүнд нь тааруулж харьцдаг гэж байнга шүүмжилдэг.
Тэгвэл эерэг хандлага гэж юуг хэлээд байна вэ? Энэ нь тийм шинэ, ноу-хау юу гэвэл бас л үгүй юм. Ердөө л харилцааны тухай, хүнтэй харилцах урлаг, төлөвшил. Төрийн байгууллагууд ажилтнууддаа эерэг “хандлага”-ыг хэрхэн эзэмшүүлэх вэ? Юун түрүүнд иргэд, үйлчлүүлэгчдэд хэрхэн үйлчилгээ үзүүлэх, гомдол санал гарвал түүнийг нь хэрхэн барагдуулах, анхаарал халамж шаардсан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах, “хэцүү” үйлчлүүлэгчтэй харилцах зэрэг харилцааны иж бүрэн ур чадварыг ажилтнууддаа зайлшгүй эзэшүүлэх шаардлага мэдээж зайлшгүй юм. Тэгээд хамгийн гол асуудал буюу анхнаас нь зөв хүнийг буюу эерэг хандлагатай, уриалгахан, нийтэч, багаар ажиллах ур чадвартай гээд шалгуур хангасан хүнийг ажилд авч байх нь чухал.
Эцэст нь хэлэхэд өнөөгийн төрийн байгууллагууд, тэдгээрт ажиллагсад хашиж буй ажил үүргээ сонгодог “хүнд сурталтан” утгаар ойлгосоор байна. Энэ нь улс төр, захиргааны хуучин дэглэм харьцангуй хүчтэй хэвээрээ байгааг тод харуулж байна.Төрийн байгууллагууд үүргээ ухамсарлаж, захиргааны ажлын өдөр тутмын үйл ажиллагаандаа дээр өгүүлсэн шинэ хандлага, ур чадварыг зайлшгүй эзэмших шаардлагатай байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ