Хөрсөө хайрлах ухааныг хүн бүрт суулгахсан..

Хүн төрөлхтөн анх Нил мөрний эргээр тариа тариалж эхэлсэн үеэс л үржил шимтэй газрын төлөөх тэмцэл өрнөсөн. Өнөөдөр дэлхийн гадаргын 29 хувийг эзэлж байгаа хуурай газар дээр 7.2 тэрбум хүн амьдарч байна. Хүн төрөлхтөн хоол хүнсээ ч хөрснөөс авч, хөрсөн дээр барьсан барилгад аж төрж байна. Тиймээс хөрс бол амьдралын үндэс учраас дэлхийн хамгийн чухал бодлого болдог юм.

Хэчнээн ургац хураах, мал сүрэг хэр тарга тэвээрэг авах, ундны усыг яаж аюулгүй, цэвэр байлгах гээд бидний амьдралд амин чухал олон зүйл гагцхүү хөрснөөс шалтгаалдаг. Гэвч орчин цагийн хөдөө аж ахуйн зохисгүй арга техник, ойн хорогдол, тариалангийн талбай болон бэлчээрийн хомсдол зэргээс болж манай гаригийн хөрс өдгөө ихэд бохирдож, үхжээд байна.

Сүүлийн 150 жилд дэлхийн өнгөн хөрсний 50 хувь нь алдагдсаныг Дэлхийн байгаль хамгаалах сан тогтоожээ. Харин хөрсний элэгдэл, хэт хуурайшилтаас болж сүүлийн 40 жилд газар тариалан эрхлэх боломжтой бүс нутгийн 30 хувь нь үржил шимгүй болсон гэнэ. Экологичдын анхааруулдгаар хөрсний элэгдэл нь өнөө цагт хүн амын хэт өсөлтийн дараа орох, дэлхий нийтийн өмнө тулгарсан экологийн хоёр дахь том хүндрэл болоод байна.

Үндэсний хэмжээнд хөрсний бодлого бий ч хэрэгжилт хангалтгүй байна. Хөрсөө хамгаалахын тулд ойжуулах нь л хамгийн зөв гарц гэж мэргэжилтнүүд үзэж буй. Мөн газар тариаланд хөрс боловсруулалтын технологийг сайжруулж, газар ашиглалтын зөв менежмент хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Тухайлбал, газрын хөрсийг эргүүлж хагалах технологиос дэлхий нийтээрээ татгалзаж байгаа аж. Газрын өнгөн хөрсний доод давхаргыг зөв бүтэцтэй болгож, таримал ургамал ургах нөхцөлийг хангаж өгч байна. Энэ боловсруулалт манайд туршилт төдий л байна.

Үүнээс гадна газар хагалсан л бол тэр газраа хамгаалах хамгаалалтын зурвас байгуулж байхыг хуульчилж өгөх нь зүйтэй. Жишээлбэл, Хятадын Ганьсу муж манайхаас их цөлжиж буй газар. Тэндэхийн тариачид алга дарам газраа ч ногоон зурвасаар хамгаалдаг. Хүн, байгаль орчин, нийгмийн аль алинд нь ашигтай алхам бол энэ. Өөрөөр хэлбэл, газар хагалж ашиглаж л байгаа бол модоо тарих ёстой гэсэн үзэл санаа. Газраас үр шимийг нь авч байгаа л бол газраа хамгаалах ажил хийх ёстой юм.

Иймд бид байгаль эхээ хамгаалахаар сэтгэл шулуудвал ирэх аюулыг багасгаж, эх дэлхийгээ аварч үлдэх боломж дүүрэн бий. Бидний хийж чадах арга хэмжээ бол асуудлыг нийтэд таниулах, мод бут олноор тарих, газар тариалангийн үр дүнтэй туршлага аргуудыг нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм.

Түүнчлэн төрөөс авч хэрэгжүүлэх боломжтой алхмууд бол хөдөө орон нутгийн амжиргааг дэмжих, ногоон ургамлын масс бий болгох, газрын хөрсийг эвдлэн зам тавих, ашигт малтмал олборлох зэрэг ажиллагааг зогсоох, хөрсний эвдрэлд өртсөн газруудыг тогтоож тэдгээр бүсэд мал бэлчээхгүй байх, байгалийн нөхөн сэргээлтийн асуудалд нухацтай хандах ба иргэдэд шаардлага тавих хэрэгтэй байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ