Хоёр сайдыг огцруулах шаардлага, хоёр Солонгосын уулзалттай 7 хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.

Улстөрд

АН: Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг огцруулна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг долоо хоногийн эхэнд хуралдсан. Энэ үеэр Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах нар “Хотгор шанага”-ын уурхайн лицензыг зарсантай холбоотойгоор түүнийг АТГ-аас шалгаж байгаа. Мөн Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржын хувьд УИХ-ын 2016 оны 69 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 38 дугаар тогтоолыг зөрчсөн хариуцлагагүй үйлдэл нь ноглогдсон.

Ц.Нямдоржийн асуудал бодит зүйл дээр нотлогдож байгаа учраас огцрох үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс энэ хоёр сайдыг огцруулах ёстой гэж үзээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүлж байна” гэв.

Х.Баттулга: Бөхийн Өргөөг улсын өмчид авч, ёс зүйгүй бөхчүүдийн цолыг хураана

Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн Зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай албан бичиг гаргалаа. Албан бичгийн хувийг УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Дархан аварга А.Сүхбат, Дархан аварга Г.Өсөхбаяр, “Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат нарт хүргүүлж байгаа юм.

Тэрбээр “хэрэв “Их эе” хуралдаанаар асуудлаа нэг мөр шийдвэрлэхгүй, хууль бус зөрчил, гэмт үйлдлийг гааруулж, үргэлжлүүлэх тохиолдолд Бөхийн Өргөөг улсын өмчлөлд хураан авч, ёс зүйгүй бөхчүүдийн улсын цолыг хураах, төрийн их наадам, мөн цагаан сарын барилдаанд барилдах эрхийг хасах хүртэл арга хэмжээг авч хариуцлага тооцох болно гэдгийг анхааруулъя. Төр өгч болсон юм, буцаагаад хурааж авч болно” гэлээ.

АТГ-ын даргыг олон нийтийн санал асуулгаар сонгоно

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ерөнхийлөгчийн албан ёсны сайтаар дамжуулан АТГ-ын даргад нэр дэвших хүнийг олон нийтээс санал авах байдлаар сонгохоор болсон. Санал асуулга өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд долоо хоногийн хугацаатай явуулна. Санал асуулга дууссаны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-д өргөн барина” гэлээ.

Ж.Батзандан: Надад ухрах зам байхгүй, урагшилж л ажиллана

УИХ гишүүн Ж.Батзандан АТГ-т очиж мэдүүлэг өгсөн. Тэрбээр “Б.Хурц, Эрдэнэтийн 49, С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал ярьж байгаа гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэх талаар ярьж эхэлж байна. Б.Хурцын гомдлын дагуу надаас гэрчийн мэдүүлэг авч, Ордон дотор нээлттэй хэлэлцүүлэг хийснийг буруутгаж байна.

УИХ гишүүн ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах гэж сонгогддог юм. Албан тушаалтны эрх ашгийг хамгаалах гэж ажилладаггүй. Тэдний өмнө бөхийж болохгүй. Эдгээр асуудалтай холбоотой нээлттэй сонсгол хийвэл эрүүгийн хэрэг үүсгэнэ шүү гэж анхааруулга өгч байна гэж ойлголоо. Ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллах болно. Надад ухрах зам байхгүй, урагшилж л ажиллана” гэв.

Ч.Амарболд, П.Даш, Т.Дашдэлэг нарын генерал цолыг хасах зарлиг гарав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цол хасах тухай зарлиг гаргалаа. Зарлигт: Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг тус тус хассугай” гэжээ.

С.Баярыг шалгаж буй "жинхэнэ" шалтгаан юу вэ?

С.Баяр гунигтай байгаа тухай дууллаа. Тэрээр Монголын төрд насаараа зүтгэхдээ карьерынхаа төгсгөлд шоронд хоригдож, эмнэлгийн тусламж хүсээд сууж байх юм гэж бодоогүй биз. Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан С.Баярыг энэ сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. Үргэлжлэлийг 10069104 уншаарай.

“Ч.Хүрэлбаатар хууль зөрчсөн хуулийн төсөл шахдагаа хэзээ зогсоох вэ”

УИХ-ын чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.МөнхбатЧ.Хүрэлбаатар та хэзээ төсвийн тодотгол оруулж ирэх вэ. Цаашид ийм байдлаар яваад байх юм бол гишүүд хууль зөрчиж хууль батлаад, хуулийн төсөл өргөн барьсан сайд нь уснаас хуурай гарах нөхцөл бүрдэх юм биш үү. Өмнөх Засгийн газар хүүхдийн мөнгө олгосны төлөө Төсвийн хууль зөрчсөн, төсөвт тодотгол хийгээгүй гэдэг үндэслэлээр огцорсон. Та хууль зөрчсөн хуулийн төсөл шахдаг байдлаа хэзээ зогсоох вэ” гэв.

"ОУВС манай улсын хүүхдийн мөнгийг мэддэг болсон юм уу"

УИХ-ынчуулганы өчигдрийн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” хэлэлцэв.Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Зорилтот бүлэг гэж хүүхдэд байхгүй. Монголд баян, ядуу гэсэн хүүхдийн ойлголт байх ёсгүй. Хүүхдэд олгох мөнгө бол Монгол хүүхдийн төлөө зориулж байгаа хөрөнгө оруулалт. Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох гэж ОУВС-тай хэлэлцээр хийсэн чинь худлаа.

2020 онд сонгуулийн өмнө дахиад л ОУВС-тай тохиролцсоны үндсэн дээр хүүхдэд мөнгийг 100 хувь олгохоор боллоо гэж ярих вий. ОУВС манай улсын хүүхдэд олгох мөнгийг мэддэг болсон юм уу" гэлээ.

Нийгэмд

Прокурор: “Сэтгүүлч, иргэдийг тагнасан асуудлыг шалгаж байна"

Нийслэлийн прокурорын газраас сэтгүүлчийг тагнасан гэх асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман "Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж, Прокурорын хяналтад ирүүлсэн. Прокуророос энэ асуудал дээр хэргийг хянаж байна" гэв.

Он гарсаар 29 хүн бусдын гарт амиа алджээ

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн байдал, шалгалтын явц хэрхэн явагдаж буй талаар мэдээлэл хийлээ. НЦГ-ын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хошууч Э.Товуудорж “Нийслэлийн хэмжээнд энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар хүнийг алах гэмт хэрэг 29 бүртгэгдэж, цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн халуун мөрөөр түргэн шуурхай ажилласны үр дүнд гэмт хэргийн илрүүлэлт 100 хувьтай байна” гэв.

"Хүүхдүүдэд Д аминдэм уулгаж байгаа нь туршилт биш" гэв

“Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” судалгааны багаас хэвлэлийн бага хурал хийлээ. Судалгааны ажлыг хийж буй "Монголын эрүүл мэндийн үүсгэл" НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Уянга "Эцэг эхийн үндэсний зөвлөл ТББ-аас сургуулийн насны хүүхдүүдэд туршилт хийж байна гэсэн ямар ч үндэслэлгүй, гүтгэлгийн мэдээлэлд залруулга хийж байна. Судалгаанд оролцож байгаа хүүхдүүдэд Д аминдэм уулгаж байгаа нь туршилт биш. Д аминдэмийг хэрэглэснээр амьсгалын замын халдварт өвчин, тэр дундаа сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой" гэв.

Дэлхийд

Торонтод автобусанд дайруулсны улмаас 10 хүн амь үрэгдэв

Канадын Торонто хотод жижиг автобус хүмүүсийг дайрсны улмаас арван хүн амь үрэгдэж, 15 хүн бэртэж гэмтжээ. Блумберг агентлаг ингэж мэдээлсэн байна. Явган зорчигчдыг дайрсан жижиг автобусны жолоочийг баривчилж, одоо байцааж байгаа аж. Саатуулагдах үедээ тэрээр цагдааг буудна хэмээн сүрдүүлж байжээ.

Трампын “ихэр" Испаниас олдов

Испанийн Галисия мужийн Кабана-де-Бергантиньос тосгоны оршин суугч эмэгтэй Долорес Лейп Антело богинохон хугацаанд нийгмийн сүлжээнд алдартай болжээ. Энэ настай эмэгтэй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай гайхалтай адилхан аж. Испанийн нэг сэтгүүлч эмэгтэй Instagram дахь өөрийн хуудсанд түүний гэрэл зургийг тавьсны дараа тэр ийнхүү нэрд гарсан байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга БНАСАУ-ын удирдагчтай уулзав

Цагаан ордон АНУ-ын шинэ төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеог Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзаж байгаа гэрэл зураг нийтлэсэн байна. Энэ үеэр Тагнуулын төв газрын захирлын албан тушаалд ажиллаж байсан Помпео Кимтэй гар барьжбайгаа нь зурагт гарчээ. “The Wall Street Journal” сонин энэ уулзалтын тухай дөрөвдүгээр сарын 18-нд мэдээлсэн юм.

Ким Чен Ун уулзалтын дүнд хүлээх бүх үүргийг биелүүлнэ гэж мэдэгдэв

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хийх хэлэлцээн дээр “сайхан үр дүнд” хүрнэ гэсэн совин татаж байгаа тухай, дээд хэмжээний уулзалтын явцад талуудын хүлээх бүхий л үүргийг биелүүлэхэд бэлэн байгаа тухайгаа мэдэгджээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ