Трамп, Кимийн уулзалт Монголд "болох нь дээ"


АНУ болон БНАСАУ-ын удирдагч нарын уулзалт дэлхий дахины анхаарлын төвд буй. Монгол Улсын нийслэлд болж магадгүй тухай мэдээллийг гадаадын хэвлэлүүд сүүлийн өдрүүдэд олонтаа цацах боллоо. Тов нь тодорхойгүй энэхүү “түүхэн уулзалт” яг хэзээ, хаана болох вэ гэдэг нь өнөөдрийг хүртэл тун бүрхэг байсан бол сүүлийн өдрүүдэд нууцлаг байдал арай ил болох төлөв анзаарагдаж эхлэв.
Тухайлбал, гадны хэвлэлүүдэд уулзалт болж магадгүй газруудын хувьд Финлянд, Швед, Швейцарь, Монгол Улс, Хятадын нийслэл Бээжин хот, Оросын Владивосток хот, Умард Солонгосын нийслэл Пхеньян, хоёр Солонгосыг заагласан цэрэггүй бүс дэх Панмүнжон тосгон зэрэг улс орон, хотуудыг оруулан нэрлэж байсан.
Харин Финлянд, Швед, Швейцарийн хувьд 7000-8000 км-ийн хэт алсад орших учраас ложистикийн тал дээр тохиромжгүй гэж үзжээ. Газарзүйн байршлын хувьд Бээжин хот тохиромжтой боловч АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны дайн болох хэмжээнд хүртэл асуудал хурцдаж байгаа учраас Д.Трамп Хятадыг зорих нь юу л бол. Тэгээд ч АНУ, БНАСАУ-ын удирдагчид ойр ойрхон зайтайгаар Хятадад айлчилсан билээ. Түүнчлэн Сирийн болон бусад асуудлаар Орос улстай толхилцож байгаа америкчууд Владивостокт уулзалт хийх магадлал маш бага.
Цэрэггүй бүсийн Панмүнжон сууринд уулзалтыг хийж болох боловч 27-ны өдөр хоёр Солонгосын удирдагч нэгэнт тэнд уулзчихсан учраас Д.Трампын хувьд өөрийн хийх гэж буй уулзалтын ач холбогдлыг бууруулахыг хүсэхгүй нь мэдээж. Пхеньянд уулзалтыг хийсэн тохиолдолд хэлэлцээрт оролцогч талуудын нэг нь давуу байдалтай болох учраас Америкчууд ийм хувилбарыг шууд үгүйсгэсэн байж магадгүй.
Ийм байдлаар өдөр өнгөрөх тусам дээрх жагсаалт хумигдсаар, “хасагдах шатнаас шалгарсан” Монгол ба Сингапур гэсэн хоёр улс тунаж үлдээд байгаа бололтой. Уулзалтыг хоёр улсын алинд нь хийх талаар АНУ, Умард Солонгосын тагнуулын албад идэвхтэй зөвлөлдөж байгаа аж.
Энэ талаар ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн тэнхимийн эрхлэгч Александр Ворентсов хэлэхдээ “Ложистик болоод улс төрийн хүчин зүйлийн аль алиных нь үүднээс авч үзвэл энэ уулзалт Монголд болох магадлал хамгийн өндөр байна. Монгол Улс Умард Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд “зууч”-ийн үүрэг гүйцэтгэхийг хэзээнээс эрмэлзсээр ирсэн. Тэгээд ч Монгол бол Пхеньян, Вашингтон болон Сөүлийн аль алинтай нь хэвийн харилцаатай цөөн хэдэн улсын нэг” гэжээ.
Үүнтэй холбоотойгоор манай улсын сул талыг дэд бүтэц муутай, аюулгүй байдал сул талаасаа Трампын санаанд нийцэхгүй гэж гадны хэвлэлүүдэд бичиж байна. Гэхдээ Монголд дэлхийн бусад орны удирдлага, урлаг, спортын одод, улс төрийн зүтгэлтнүүд ямар ч аюулгүйгээр ирж буцдаг. АСЕМ-ыг нэр хүндтэйгээр зохион байгуулж чадсан гээд туршлага бийг мэдэж л байж таарна.
Мэдээж Монгол улс төвийг сахисан идэвхтэй бодлого баримталдаг орон гэдгийг дурдах хэрэгтэй. Хамгийн чухал нь "цөмийн зэвсэггүй бүс"-ийг бий болгосон орон Монголоос өөр байхгүй. Мөн ард түмнийх нь хүлээцтэй, найрсаг, зочломтгой байдал яах аргагүй давуу тал. Ингээд бодохоор Сингапураас илүүтэйгээр Монголыг сонгох магадлал арай илүү хувьтай байгаа юм.
Гэвч эцсийн шийдийг уулзалт хийх удирдагч нар гаргах учир харзнаж л байя. Ер нь тэдний уулзалт Монголд болвол дэлхий биднийг ширтэхээс эхлээд олон өгөөжтэй зүйлс болох нь тодорхой юм.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ