Хаалга босгох мөнгөөр хүүхдийн цэцэрлэг барьдаг бол..


Засгийн газар сүүлийн үед хасна танана, татвар нэмнэ, хална гэх хэдхэн “брэнд” үгтэй болоод буй. Гэвч тэдний гаргаж буй зарим шийдвэр улсын төсвийн хөрөнгийг хий дэмий үрж, хэрэгтэй бүтээн байгуулалтаа орхигдуулсан гэхэд хилсдэхгүй.
Үүний нэгэн жишээ бол аймаг бүрт сүндэрлэн босч буй “Хүндэтгэлийн хаалга” гэгч бүтээн байгуулалт юм. Тухайлбал, 2015 онд Өвөрхангай аймаг Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн баярт зориулжАрвайхээр хотоос зүүн хойшоо 23.9 метр урт, 2.4 метр өргөн, 14 метр өндөртэй сүрлэг том хаалга ашиглалтад хүлээн авсан юм.
Энэхүү хаалгыг улсын төсвөөс 330 сая төгрөг гарган бариулсан хэмээн Өвөрхангай аймгийн удирдлагуудын хурлын протоколд дурджээ. Мөн тус аймгийн сумд бүр угтах хаалга гэгчид хөрөнгө чинээ төсөвлөсөн байх аж. Өвөрхангай аймгийн Төгрөг сум гэхэд сумын угтах хаалганы санхүүжилтэд 9.5 сая төгрөг төсөвлөн тендер зарлаж, өнгө зүс муутайхан хаалга хүлээн авсан байна.
Дээрх мэдээллээс үзвэл нэг аймгийн болон сумдын хаалганы санхүүжилтэд улсын төсвөөс нийт 900 орчим сая төгрөг зарцуулжээ. Энэхүү хаалгуудын жишээ цаашлаад Хэнтий аймгийг чиглэв. Хэнтий аймгийн удирдлагуудын санаачлагаар Чингис хааны өлгий нутаг гэдгээрээ онцгойрох “шаардлага” тулгарсан тул одоогоос таван жилийн өмнө буюу 2013 онд “Эзэн Чингис Хааны Өлгий Нутаг” хэмээх сүрлэг нэртэй хаалгыг нээж дуулиантайгаар улаан тууз хайчилж байсан билээ.
Харин уг хаалганы өртөг 190 сая төгрөг бөгөөд мөн л улсын төсвийн хөрөнгөөс гаргасан байдаг.Эдгээр нь манай улсын 21 аймаг, 331 сумын угтах хаалганы хоёрхон жишээ гэдгийг хэлэх юун.
Ийнхүү жишиг болсон угтах хаалгуудын хамгийн доод үнэ бол200 сая төгрөг, цаашлаад 600 сая төгрөг хүртэлх хөрөнгөөр бий болсон өндөр өртөгтэй бүтээн байгуулалтууд ч бий. Гэтэл энэхүү хаалганд зарцуулж буй их хөрөнгө улсын төсвөөс гардаг. Улсаас хөрөнгө цацан байж бий болгож буй эдгээр хаалганууд орон нутагтаа ямархан өгөөж өгч буй өгч буй талаар аймгуудын удирдлагууд болон төсөв хөрөнгө зарцуулагсдаас тайлбарлах хүн үгүй аж. Харин эдгээр хаалганууд орон нутгаар орох гарах хүмүүсийн “архиддаг цэг” болсон гэдэгтэй хэн бүхэн санал нийлж байна.
Цаашлаад эдгээр хаалгатай холбоотой эвдрэл гэмтэл, урсгал зардал, нүүлгэн шилжүүлэлт гээд дагах үр дагавар их.
Нэгэн цагт Улаанбаатар хотод л хоёр том хаалга байсан юм билээ. Нэг нь Хан-Уул дүүргийн нутагт байх цагаан хаалга. Нөгөөх нь Нисэхийн цагаан хаалга. Энэхүү хоёр цагаан хаалгыг 1957 онд ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн дарга К.Е.Ворошиловыг Монгол Улсад айлчлан ирэхийг угтаж босгосон юм билээ. Ирсэн зочин бүхэн буян амлаж, сайхан сэтгэл өвөрлөн ирж байхыг бэлгэдэн Цагаан хаалгыг барьсан аж.
Гэтэл угтах хаалганы дундаж үнэ буюу 400 сая төгрөгийг 21 аймагтаа үржүүлбэл 8.4 тэрбум төгрөг. Энэхүү тоон дээр аймгийн сумдын хаалганы дундаж өртөг болох 12 сая төгрөгийн хаалганы үнийг нэмбэл хамгийн багадаа гэхэд 15 тэрбум төгрөгийг “Хэнд ч хэрэггүй хаалга”-нд хөрөнгө оруулсан байх аж. Энэ бол 120 хүүхдийн багтаамжтай 15 цэцэрлэг барих хэмжээний мөнгө юм.
Бүхэл бүтэн цэцэрлэг барих чинээний хөрөнгөөр нэг аймаг харьяа сумдууд хаалга барих нь хэр оновчтой вэ. Хэнд ч хэрэггүй хаалганд мөнгө зарснаас нийгэмд нэн шаардлагатай байгаа салбартаа хөрөнгө оруулах хэрэгтэй байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ