АТГ-ыг хэн удирдах вэ?

Авлигатай тэмцэх газрыг одоо Х.Энхжаргал удирдаж буй. Түүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил бөгөөд энэ хугацаанд өөрөө өргөдлөө өгөхгүй бол, эсвэл түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар баривчлахгүй бол, эсвэл бүр шүүх түүний гэм бурууг нотолж, хуулийн хариуцлага хүлээлгээгүй цагт Х.Энхжаргал гэдэг хүнийг хэн ч энэ сууринаас нь хөдөлгөж чадахгүй гэх.

Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн сард сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаанд томилно” гэж заасан байдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргыг санал болгох эрхээ ард түмэнтэйгээ хамтарч хэрэгжүүлнэ” гэсэн юм. Ингэснээр тухайн өдрөөс эхлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх иргэдийн саналыг авч эхэлсэн юм.

Түүнчлэн АТГ-ын дарга, дэд даргад хамгийн олон давтагдсан нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал оруулна гэдгийг мэдэгдсэн юм.

Үүнтэй холбоотойгоор олон улсын “Транспэрэнси Интернэшнл’’ байгууллагаас АТГ-ын даргыг огцруулахыг завдсан Ерөнхийлөгчийн алхам улс орон даяар авлигын эсрэг явуулж буй хүчин чармайлтыг нурааж, тус улсын хамгийн дээд түвшний хяналтын эсрэг заналхийлж буй бодит аюул юм гээд энэ үйлдлээ зогсоохыг шаардсан байв.

Мөн “Монгол Улс авлигын индекст бага оноо авсан нь үндэсний хэмжээнд авлигын эсрэг хүчин чармайлтыг сулруулах биш нэмэгдүүлэх шаардлагатай байгаагийн илрэл юм. Авлигын төсөөллийн индекс нь Ерөнхийлөгчийн зүгээс авлигын эсрэг үндэсний, бие даасан байгууллагуудын эрх мэдлийг хасахад ашиглах хэрэгсэл болох учиргүй” гээд АТГ-ын дарга нь зургаан жилийн хугацаатай томилогддог. 2007 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш АТГ-ын удирдлагыг гурван удаа сольсон, нэг ч дарга бүрэн эрхийн хугацаагаа гүйцээгээгүй гэдгийг сануулсан байна.

Ер нь бол АТГ-ын түүхэнд тус газрын даргын албыг хамгийн удаан хашсан эрхэм бол Н.Ганболд. Тэрбээр 2011-2016 ажилласан ч бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй УИХ-ын сонгуулийн өмнөхөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байдаг.

Ийнхүү зургаан жилийн хугацаатай томилогддог тус газар 12 жилийн хугацаанд дөрвөн даргын нүүр үзжээ. Тэднээс нэг ч бүрэн эрхийн хугацаагаа дуустал албаа хашаагүй юм. Яагаад ч тэгдэг юм, юундаа ч байдаг юм.

Ямартаа ч АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэн томилуулах асуудлаар иргэдээс авч буй санал асуулга өчигдөр 22:00 цагт дууссан. Ийнхүү Ерөнхийлөгч АТГ-ын тав дахь даргыг УИХ-д санал болгох хугацаа ойртсоор. Юутай ч авлигатай тэмцдэг байгууллагыг хэн удирдаж, хэрэг явдал хэрхэхийг харж л сууя даа.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ