АТГ-ын даргад нэр дэвшигч тодорхой болсон 7 хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.

Улстөрд

“Хэнд ч хэрэггүй диплом өгдөг их, дээд сургуулиудыг хаах хэрэгтэй”

Бүгд Найрамдах Намын онц их хурал тавдугаар сарын 3-нд болохтой холбогдуулж тус намын дарга Б.Жаргалсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Улс оронд юу болж байгааг та бүхэн өөрсдөө харж байгаа. Монгол Улсын нийт гадаад өр зээлийн хэмжээ 27 тэрбумд хүрсэн байна. Хэн, хэдэн сарын хэдэнд, яаж энэ мөнгийг авсан юм бэ. Үүнийг ил болгох ёстой. Энэ Улаанбаатар хотод байгаа хэнд ч хэрэггүй диплом өгдөг их, дээд сургуулиудыг хаах хэрэгтэй. Манай залуучууд дор хаяж 2-3 мэргэжилтэй байх ёстой” гэв.

Улстөрчдийн рейтингийг Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүлэв

Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлыг тандсан судалгааг “Сант Марал” сангаас явуулдаг.Тус сангаас гаргасан шинэ судалгаагаар Монголын улстөрчдийг рейтингээрээ Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүлжээ. Түүний дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр орсон бол 'босоо' С.Ганбаатар гуравдугаарт, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрөвдүгээрт бичигджээ.

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргав

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарын хориог сунгах эсэхийг шийдэх хурал боллоо. Шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол"-ын Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг 15 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа. Харин Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавилаа.

Ч.Хүрэлбаатар: Надад дарамтлуулдаг Солонгосын төр гэж юу байх вэ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Хотгор шанага"-ын уурхайтай холбоотой гэсэн утга бүхий сурвалжлага С1 телевизээр гарсантай холбогдуулж, тэрээр цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Намайг Солонгосын талд нөлөөлөх гэж оролдсон юм шигээр гүтгэж байна лээ. Надад атгуулдаг, дарамтлуулдаг Солонгосын төр гэж юу байх вэ, санааны минь зоргоор хөдөлдөг бүхэл бүтэн улс үндэстэн гэж юу байх вэ. Хэрвээ үнэхээр тийм бол өөрийгөө Монгол Улсын гадаад бодлогод тун тустай нэгэн болохоо ойлгож авъя” гэсэн байв.

“ЗГ-ын нууц тогтоолоор 750 шонхор шувуу зарсан байна”

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр БОАЖ-ын сайд Д.Цэрэнбатад шонхор шувууг хууль бусаар хилээр гаргасан тухай баримт хэлж, шаардлага тавилаа. Тэрбээр "Д.Цэрэнбат сайд аа, ажлаа хий. Танай байгаль орчны салбар авлига хээл хахуулийн үүр уурхай болсон. Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувууг зарсан байна. Үүнтэй холбоотойгоор олон сая долларын асуудал гарч ирнэ” гэв.

АТГ-ын даргаар Д.Даваа-Очирыг томилуулах саналаа УИХ-д хүргүүлэв

Ерөнхийлөгчийн тамгын газраас АТГ-ын дарга болон дэд даргад чухам хэнийг өрсөлдүүлж болох талаар ард түмнээсээ санал асуулга явуулсан. Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргад иргэдийн нэр дэвшүүлсэн хүмүүсээс хуулийн шаардлага хангасан Д.Даваа-Очирыг АТГ-ын даргаар, Ж.Батсайханыг дэд даргаар тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн. Хоёр нэр дэвшигчийг холбогдох хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн хамгийн их санал авсан хүмүүст ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт, ЭЦГ-ын дарга асан Н.Ууганбаяр, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар, ЦЕГ-ын дарга асан Ө.Энхтөр, АТГ-ын Дэргэдэх ОНЗ-ийн дарга Г.Баасан, ЕТГ-ын дарга З.Энхболд, Буян ХХК-ний захирал Б.Жаргалсайхан, Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар нар багтсан юм.

Нийгэмд

“Монголын төр багш нараа сонсохгүй, анхаарахгүй байна”

Багшийн цалин нэмүүлэх түр хороо болон Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Багшийн цалинг нэмүүлэх түр хороо ТББ-ын тэргүүн Ц.Мөнхтуяа "Багшийн цалинг нэмүүлэх хөдөлгөөн тэмцэл өрнөөд есөн сарын нүүр үзлээ. Энэ хугацаанд Монголын багш нар жагсаж, ажил хаяж ч үзсэн. Үнэндээ тэмцэл бодитой үр дүнд хүрсэнгүй. Монголын төр багш нараа сонсохгүй, анхаарахгүй байна” гэв.

Энэ онд 518 мянган тонн улаанбуудай хурааж авах зорилт дэвшүүлэв

Энэ онд 538 мянган тонн үр тариа, үүнээс 518 мянган тонн улаанбуудай, 171 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авах зорилт тавьжээ.

Энэ хүрээнд 14 аймгийн 1480 аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос, тэжээлийн ургамал, 470 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, 35 мянган өрх төмс, хүнсний ногоо тарихаар бэлтгэлээ хангаж байна.

"2017 онд үжлийн халдварын улмаас долоон хүн нас барсан"

Жил бүрийн тавдугаар сарын 5-нд “Дэлхийн гарын эрүүл ахуйн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй нийт эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд тэмдэглэж иржээ. Энэ жилийн хувьд ДЭМБ-аас тавдугаар сарын 5-ны өдрийг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой үжлийн халдвараас сэргийлэх нь Таны Гарт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны тархвар судлаач М.Цолмон “Манай улсын хувьд 2017 онд үжлийн халдварын улмаас долоон хүн нас барсан. Тэгэхээр энэ бол бодитоор байгаа аюул юм. Үүнээс сэргийлэхийн тулд эмч, эмнэлгийн ажилтнууд гарын ариун цэврийг дээд зэргээр сахих ёстой" гэлээ.

Дэлхийд

Трамп, Ким Чен Ун нар Панмунжон тосгонд уулзана

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсийн Панмунжон тосгонд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахыг зөвшөөрчээ. Телевизийн CNN суваг нэрээ нууцласан учрыг мэдэх хүний хэлснийг иш татан ингэж мэдээлсэн байна.

Дөрөвдүгээр сарынх 27-ны дээд хэмжээний уулзалтын үеэр БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ хувилбарыг санал болгосныг тэр хүн тодруулан тайлбарлажээ. Панмунжонд уулзах бүхий л шаардлагатай нөхцөл нэгэнт бүрдсэнийг уулзалт хийх үндэслэл болгон дурдсан байна.

Пентагон мэдээлэл алдагдахаас эмээж, Хятадын ухаалаг утсыг хориглов

Аюулгүй байдалд заналхийлж болохоос үүдэн дэлхийд АНУ-ын цэргийн баазуудад хятадын “Huawei” болон “ZTE” компанийн ухаалаг утсыг худалдаалахыг хоригложээ. Пентагоны төлөөлөгч Дейв Истберн ингэж мэдэгдлээ гэж “Вашинггтон пост” сонинд бичсэн байна. Түүний хэлснээр ухаалаг утас худалдахыг зогсоох тухай тушаалыг дөрөвдүгээр сарын 27-ны баасан гарагт өгчээ. Хөдөлгөөнт холбооны интернэт- модемууд болон бусад хэрэгсэл энэ хоригт бас хамрагдсан байна.

Инчёны нисэх буудлын хогийн савнаас долоон гулууз алт олджээ

Өмнөд Солонгосын Инчёны нисэх буудалд ажилладаг цэвэрлэгч эрэгтэйд гэнэтийн аз таарчээ. Тэрээр хогийн савнаас 327 мянга орчим ам.долларын өртөг бүхий долоон гулууз алт олсон байна. Нэг килограммын жинтэй гулууз тус бүрийг сонинд ороосон байжээ. Алтны эзэн баригдахгүйн тулд алтыг ингэж хаясан байх гэж цагдаа нар үзэж байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ