ШХАБ-д элсэх эсэх асуудлаар "хүчтэй" яригдсан 7 хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.

Улстөрд

Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгохоор болов

“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Төслийн нэг дэх заалтад өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгох тухай байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

ШХАБ-д элсэх эсэх асуудал "хүчтэй" яригдав

Эдийн засгийн форумын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-тай харилцах харилцаагаа өргөжүүлэх бодлого барих нь зөв гэх утгаар байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэрбээр энэ сарын 9-10-ны өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцохоор явах юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улс ШХАБ-д элсэх эсэх асуудлаар УИХ-ын чуулган хаалттай хуралдсан юм.

Чуулганаар уг асуудлыг хаалттай хэлэлцэхээс өмнө эрх баригч намын бүлэг ээжит бусаар хуралдсан ч саналаа нэгтгэж чадаагүй билээ. Хаалттай чуулганаар ШХАБ-д элсэх асуудлыг хэлэлцсэн талаар УИХ-ын гишүүнд Д.Тэрбишдагва “Монгол 14 жил ШХАБ-ын ажиглагч улс байлаа. Энэ хугацаанд ямар ч үр дүнгүй, жил бүр Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд нь дэмий очдог гэдэгшүүмжлэлийг УИХ дээр ярьдаг. Гэтэл хоёр хөрш Монголыг тойруулаад замаа, нефтээ, газаа барьчихлаа. Энэ бүхэн манайд оройтоод бараг хэрэггүй шахуу тал руугаа орж байна. ШХАБ гэж ярихаар манайхан Хятад гэж боддог. Гэтэл энэ дотор дэлхий багтчихаад байна. Хаалттай горимоор хэлэлцэх ч асуудал биш” гэсэн юм.

Иргэд төсвийг “хянах” боломжтой болов

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Иргэдийн төсвийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өнөөдрийн хэвлэлийн бага хурлын зорилго нь "Иргэдийн төсөв-2018" номыг танилцуулах юм. 2019 оны төсвөөс эхлэн төсвийг боловсруулах, батлах, хяналт тавихдаа иргэдийн оролцоог бүрэн хангах боломж бүрдэж байна.

УИХ-аар төсөв батлагдаад баахан тоо яригддаг. Тэгвэл Иргэдийн төсөв номонд улсын төсвийг юунд зарцуулж байгаа талаар энгийн, ойлгомжтой, дэлгэрэнгүй мэдээлэлийг багтаасан” гэв.

11 аймгийн 24 суманд нөхөн болон дахин сонгууль болно

Сонгуулийн ерөнхий хорооноос зарим аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг зургаадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан "Өмнөх ИТХ-ын сонгуулиар сонгогдсон 22 хүн нас барж, нэг хүн гэмт хэрэгт холбогдож, төрийн албанд 6 хүн шилжин орсоны улмаас 11 аймгийн, 29 сумын сонгуулийн хороо 43 хэсэгт нөхөн болон дахин сонгуулыг хийхээр болсон. Нөхөн сонгуульд нийт 23,477 иргэн саналаа өгөх юм. Аймаг сумдын нөхөн болон дахин сонгуульд нийт 83 нэр дэвшигч бүртгүүлсэн” гэв.

Нийгэмд

АСЕМ-д нийт 395.7 тэрбум төгрөг зарцуулжээ

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг 2016 онд Монгол Улс анх удаа зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ хурлыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд хийсэн аудитын тайланг Үндэсний аудитын газраас танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг "АСЕМ-ын хүрээнд суудлын автомашин, автобус, тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд 6 тэрбум төгрөгийн татварыг чөлөөлсөн. АСЕМ-д нийт 395.7 тэрбум төгрөг зарцуулсан байна. АСЕМ-ын гадаад болон дотоодын сургалтад 722.4 сая төгрөгийг зарцуулсан ч тайлагнаагүй" гэв.

Ээжүүд “Алдарт Эх”-ийн одонгоор энгэрээ мялаав

Жил бүрийн зургаадугаар сарын 1-нд тохиодог олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулдаг уламжлалтай. Эл уламжлалт ёслол өнөөдөр /2018.06.01/ Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болж, шагналын хур буулаа.

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Хүүхэд бол аливаа үндэстний ирээдүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бат бөх холбоос юм. Хүүхэд бол бидний бүх зүйл” гэв.

Дэлхийд

БНАСАУ цөмийн зэвсгээсээ татгалзах бодолгүй байна

"Умард Солонгосын эрх баригчид ойрын ирээдүйд цөмийн зэвсгээ устгах бодолгүй байна" гэж Тагнуулын төв газар дүгнэсэн хэдий ч, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзахаас бүр мөсөн татгалзаагүй байгаа билээ. Телевизийн NBC суваг америкийн засаг захиргааны албан тушаалтнуудын хэлснийг иш татан мягмар гарагт ингэж мэдээлжээ.

БНАСАУ, ОХУ дээд хэмжээний уулзалт хийнэ

БНАСАУ, Орос улс энэ жил дээд хэмжээний уулзалт хийхээр тохиролцсон байна. "Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны ойд зориулан ийн уулзах юм" гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн уламжилснаар, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун, Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровнар тавдугаар сарын 30-нд Пхеньянд уулзсанаар зохих тохиролцоонд хүрсэн байна. Хоёр тал “өндөр хэмжээний хэлхээ холбоо, янз бүрийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг идэвхижүүлэхээр” тохиролцсоныг мэдээнд дурджээ.

Хамгийн ухаантай хүүхдүүд аль сард төрдөг вэ?

Хүүхдийн орд, өгсөн нэр төдийгүй төрсөн сар тэдний сурлагын байдалд нөлөөлдөг гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Төрсөн сар хүүхдүүдийн сурлагад нөлөөлдөгийг АНУ-ын эрдэмтдийн хийсэн шинэ судалгаа харуулжээ. Тухайлбал, “есдүгээр сарын” хүүхдүүдийн онц сурах магадлал “наймдугаар” сарын хүүхдүүдийнхээс их байдаг аж.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ