Хотын ОРК-ууд өөрсдийгөө хичээе!

ОРК. Орчин үед энэ үгийг олонтаа хэрэглэх болсон. Тренд болно гэдэг шиг л амтай болгон нь "ОРК" хэмээн орилох болсон. Ялангуяа өөрсдийгөө Улаанбаатарын уугуул хэмээн овоглогсод 21 аймгаас нийслэл хотоо зорин ирэгсдийг "ОРК" хэмээн нэрлэж, шоолж, шоовдорлох үзэгдэл нийтийн дунд дэлгэрсэн. Хайр гамгүй хараалын үгээр хөдөөнийхнийг доромжлох нь энүүхэнд. Мал адгуустай зүйрлэж ирээд л мөн ч их доромжлох. Харин өөрсдийгөө хотын соёлтой, боловсон хүмүүс хэмээн магтах. Гэвч бодит байдал дээр "Оркууд хэмээн орилогсод" өөрсдөө жинхэнэ ОРК гэлтэй.

Гудманд сайхан хувцасласан мөртөө нус, цэрээ хар хур хийтэл нийнэ. Үүнийг харсан хүмүүс хөдөөний оркууд л биз гэх. Зарим нь “Ногоон гэрэл асмагц, чагнаалаа орилуулна. Аан муу оркууд л биз”. “Болохгүй газар машинаа тавьж ачуулчихаад, хүний эрх ярьж, ичих нүүргүй, төр цагдааг шүүхэд өгнө гэж байдаг. Хууль журам уландаа гишгигч аймшигт Оркууд” гэх хүмүүс олон байдаг.

Хотынхон бид хөдөөний хүмүүсийг соёлгүй харанхуй бүдүүлэг "ОРК"-ууд гэж хэлэхдээ сайн. Гэвч үнэн хэрэгтээ хотынхон бид чинь "ОРК"-ууд юм байна. Хамгийн ойрын жишээнээс харахад баяр наадам, амралт зугаалгын сар ирэхэд хотынхон агаарт гарах нэрийдлээр хөдөө рүү бөөн бөөнөөрөө зорьчихоод, эцэс сүүлднь байгаль дэлхийгээ бохирдуулчихаад яваад өгдөг. Их хотын соёлтой, ухамсартай иргэд хэзээ ч байгальдаа тэгж хандахгүй. Тэгэхээр өрөөлийг хэлэхээсээ урьтаад өөрсдийгөө нэг харчихмаар санагдах.

Ер нь бид их хотын соёлтой, мэдлэгтэй, боловсролтой иргэн болохын тулд наад захын соёлд суралцсан байх хэрэгтэй гэнэ. Үүнтэй холбоотойгоор жиргээч Элийрэгч буюу Ц.Уянга "Оркуудаа гэгээрүүлье" аяныгнийгмийн сүлжээнд өрнүүлээд амжсан. Тэрээр "Гарцан дээр явган зорчигч давуу эрхтэй. Тиймээс нэг гэрлэн дохионоос нөгөө гэрлэн дохио хүртэл богино зайн уралдаан хийх шаардлагагүй. Тэвчээртэй хүлээж сур", "Хүний орон зайд халдаж болохгуй. Зөвшөөрөлгүй хүний биед хүрэх, базах, барих, цохих, мөргөх, наалдах зэрэг. Ялангуяа АТМ дээр хүзүүн дээр амьсгалаад хамт код хийчих гээд байв", "Хаалгаар, лифтээр, автобуснаас гарч бгаа хүмүүсийн өөдөөс орох гэж зүтгэж болохгуй. Баруун гар талаа бариад хүн гарч дууссаны дараа зөрж орно" гэх мэтчилэн их хотын соёлд хэрхэн суралцах тухай хөндсөн нь цагаа олсон хэрэг болсон юм.

Дээхэн үед жаахан соёлгүй гэх юм уу, нэг тийм хотын амьдрал, хэв маяг мэдэхгүй эсвэл боловсрол тааруухан хүнийг “Зайлуул, малын захаас холдож үзээгүй юм” гэдэг байсан шиг санах юм. Одоогийнхоор бол “Зайлуул, Орк юм шдээ“ гэсэнтэй агаар нэг хэллэг байсан юм уу даа. Угтаа бол малын бэлчээр дээр, яг тэр уудам талд Монгол хүн боловсордог юм шүү дээ. Тэгээд ч хөдөө төрж өсөөд өндөр мэдлэг боловсрол, хүн чанарыг эзэмшсэн хүмүүсийг хотын сурсан зүйл, гавьсан үйлсгүй иргэдтэй харьцуулахын ч арга алга.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ