Гишүүд Колумб, Эквадор улсын уул уурхайн туршлагатай танилцав


УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан уул уурхайн туршлага судлах багийнхан Бүгд Найрамдах Колумб Улсын Уул уурхай эрчим хүчний яам, Уул уурхайн үндэсний агентлаг, Худалдаа үйлдвэр, аялал жуулчлалын яам, Уул уурхайн үндэсний ассоциаци болон алт экспортлогч Три Карго компанийн төлөөллүүдтэй уулзжээ.
Тэд мөн Богота хотод байрладаг алтны цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна. Колумб улс жилд ойролцоогоор 60 тн алт олборлодог, алтны чөлөөт худалдааны системтэй аж. Мөн колумбчууд дотооддоо алт сорьцлох, цэвэршүүлэх, худалдан авах, экспортлох үйл ажиллагааг чөлөөт зах зээлийн тогтолцоогоор шийдвэрлэсэн нь манай улсаас ихээхэн ялгаатай.
Тус улсын Уул уурхайн үндэсний агентлагаас алт худалдан авах, экспортлох эрхийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгодог. Эрх бүхий аж ахуйн нэгжүүд нь цахим бүртгэлийн системд нэгдсэн нь алтны худалдаанд ил тод байдлыг хангахад тодорхой ач холбогдолтой болжээ. Колумб улсын Уул уурхай эрчим хүчний яамны дэд сайд КарлосКанте манай төлөөлөгчдийг хүлээн авч өөрийн орны эрдэс баялгийн нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, боловсронгуй болгох талаар хийж байгаа ажлуудаа танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ “Колумб Улс эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Ололт амжилт, алдаа оноо ч бий. Ялангуяа бичил уурхайн салбарыг албажуулах талаар бусад орноос суралцах зүйл ч их байгаа. Бид алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, бүртгэлжүүлж, ил тод болгох талаар төрөөс нэлээд ажил хийж байгаагийн нэг нь цахим бүртгэлийн систем юм. Энэ системийг ажиллуулснаар хууль бус алтыг сүлжээнд орохоос сэргийлэх, гарал үүслийг ил тод болгоход чухал ач холбогдолтой" гэлээ. Тэд Колумбын 2021 онд гэхэд алтны гарал үүслийг ил тод болгох зорилт тавьжээ. Энэ нь Европын Холбооны улсын эрдэс баялгийн гарал үүсэл, ил тод байдлыг хангах хууль 2021 оноос хэрэгжиж эхлэхтэй холбоотой аж.
Колумб улсын туршлагатай танилцсаны дараа ажлын хэсгийнхэн Эквадор улсад ажилласан байна. Энэ улсын хувьд Төв банк нь алт худалдан авч улсынхаа валютын нөөцийг бүрдүүлдгээрээ манайхтай төстэй. Гэхдээ нэг онцлог бий. Тэр нь 2002 оноос хойш орон нутагт алт худалдаж авах зөвшөөрлийг Төв банкнаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон явдал аж. Энэ нь алтны салбарыг албажуулж, ил тод байдлыг хангахад чухал үүрэгтэй хэмээн тус улсын салбарын төлөөлөл онцолсон юм.
Эквадорын Уул уурхайн яам нь тус улсын уул уурхайн бодлогыг боловсруулж зохицуулах, хянаж үнэлэх гол үүрэгтэй ажилладаг. Үндэсний хэмжээний болоод дунд уул уурхай, бичил уурхайн асуудал хариуцсан үндэсний хоёр ажлын алба, бүсийн таван дэд алба яамны харьяанд нь ажилладаг гэсэн.
Манай улсаас уг туршлага судлах багт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Сүхбат, Л.Энхболд, УУХҮЯ, АМГТГ, Монголбанк, Үнэт металлын сорьцын хяналтын газрын төлөөлөл, Баянхонгор аймгийн Засаг дарга, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны төлөөлөл болон Тогтвортой бичил уурхай төслийн ажилтнууд багтсан байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ