Сүрьеэгийн өвчлөл хязгаарыг давлаа


Манай улс сүрьеэгийн тархалтаараа хамгийн өндөр долоо орны тоонд багтдаг байна. ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр өнгөрсөн онд сүрьеэгийн 740 гаруй тохиолдол бүртгэгджээ. Үүний 40 орчим хувь нь их дээд сургуулийн оюутнууд, 20 хувь нь цэцэрлэгийн насны хүүхдүүд, үлдсэн хувийг нь ЕБС-ийн сурагчид, насанд хүрэгчид эзэлжээ. Бүр тодруулбал 2017 онд 0-18 насны 743 хүүхэд сүрьеэгийн халдвар авсаны 150 нь цэцэрлэгийн, 322 нь ЕБС-ийн сурагч, 271 нь их, дээд сургуульд суралцагчид байжээ.
Сүүлийн жилүүдэд энэ өвчнөөр 0-4 хүртэлх насны хүүхдүүд өвчилж, тэр нь халдварт менингит болон хүндэрч амь насанд нь аюул учруулж байгаа нь бидний сэтгэлийг түгшээж байна. Учир нь хүүхдийн сүрьеэг эмчилж байсан эмчилгээний туршлага манай улсад байхгүй. Бид энэ талаар одоо л судалж, суралцаж байна.
Хүүхдийн биеийн эсэргүүцэл томчуудыг бодвол маш сул байдаг бөгөөд хэрэв халдвар авбал уушгины тархмал сүрьеэ, сүрьеэгийн менингит зэрэг хүнд хэлбэрээр өвчлөх нь элбэг. Бага насны хүүхдүүд өвөл халдвар авчихаад мэдэхгүй явсаар хавар болж дархлаа сулрах үеэр өвчин нь илэрч эмнэлэгт ханддаг. Харамсалтай нь маш их хугацаа алдсан байдаг учраас эмчлэхэд нэлээд хүндрэлтэй байдаг аж.
Иймд эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг сургууль, цэцэрлэгүүдэд тогтмол оруулмаар байна. Энэ тал дээр манай БСШУЯ анхаарах хэрэгтэй юм. Хүүхдүүдийн хувьд нусны алчуур нь жинхэнэ нян тээгч гэнэ. Одоо үед дэлхий нийт нэг удаагийн амны цаас хэрэглэдэг болсон байхад манайх л боловсролын хөтөлбөрт нь нусны алчуур хэрэглэхийг зааж байна. Хүн нус, цэрээ арчсан л бол шууд хаях ёстой. Дахин хэрэглэх ёсгүй. Дахин хэрэглэснээр давтан халдвар авах нөхцөл бүрдэж байгааг эмч нар анхааруулж буй юм.
Манай улсад үйл ажиллагаа явуулж буй нийт 1416 цэцэрлэгийн 517 нь эмчтэй бол ерөнхий боловсролын 796 сургуулийн 478-д нь эмч ажиллаж буй аж. Ингэхээр сүрьеэ болоод бусад халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд цэцэрлэг, сургууль бүр эмч, мэргэжлийн тогоочтой болох, хүүхдийн хоолны илчлэгийг тооцсон шинэ стандарт нэвтрүүлэх, цэвэр усны хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ