"Монгол орон бол эртний нүүдэлчдийн соёлын ил музей"

Булган аймгийн Баяннуур сумын нутаг Майхан уулын бэлд, Шороон Бумбагарын орчин тойрны археологийн дурсгалын хайгуул тавдугаар сарын 17-28-ыг хүртэл 10 хоногийн хугацаанд явагджээ.

Судалгааны багийн ахлагч А.Очир “Монгол оронд олон орны өвөг дээдэстэй холбоотой дурсгалууд олдсон нь нүүдэлчид бид нутаг дэвсгэр дээрээ маш өргөн үйл ажиллагаа явуулж, дэлхийн соёлын эргэлтийг бий болгож, баруунаас зүүн рүү, дорноос өрнөд рүү дамжуулдаг байжээ. Учир нь нүүдэлчид бол хөдөлгөөнт амьдралтай. Тухайн үеийн морь гэдэг бол өнөөгийн онгоц шиг байжээ. Бид дэлхий нийтийн анхаарал татаж ЮНЕСКО-ийн тусгай хамгаалалтанд орсон. Монгол орон бол эртний нүүдэлчдийн соёлын ил музей.

Монголд жуулчид ирсэн ч тэдэнд үзүүлэх зүйл олддоггүй, дурсгалуудад тайлбар байдаггүй. Археологийн олдворыг бүртгэх, тодорхойлох, хадгалж хамгаалах гэсэн цогц менежментээр түүнийг гүйлгээнд оруулах шаардлагатай" гэв.

Шороон бумбагар бунхант булшийг 2011 онд Монгол-Казахстаны хамтарсан археологийн судалгааны баг малтан шинжилсэн байна. Энэ булш нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон ханын зураг бүхий анхны дурсгал. Хүзүүвчний хоёр тал болон бунхны үүдэвчийг тойрон зурсан өвөрмөц ханын зургууд нь тэр үеийн дүрслэх урлаг болон түүхэн үнэ цэнийг харуулдгаараа онцлог юм.

Бунхант булшийг малтсан үеэс түүнийг хадгалж, хамгаалах зорилгоор соёлын өвийн үндэсний жагсаалтанд бүртгэжээ. Тухайн үед Монгол Улсын эрх бүхий байгууллагууд булшийг хамгаалах талаар ЮНЕСКО-д хандсан бөгөөд Монакагийн Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлсний үр дүнд мэргэжилтнүүд техникийн үнэлгээ хийж, илэрсэн асуудлыг шийдвэрлэх төсөл санаачилах хэрэгтэй гэж дүгнэжээ.

Тиймээс дээрх төслийг Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран зохион байгуулсан бөгөөд гол зорилго нь олдсон дурсгалуудад бүртгэл хийх, шинээр дурсгал олох зорилготой байв. Хайгуулыг Шороон бумбагараас 12.5 км радиусын зайд археологийн шинжлэх ухааны арга зүйн дагуу явуулсан байна.

ШИНЭЭР НЭЭГДСЭН ОЛДВОРУУДХайгуул, бүртгэлээр нийт 250 орчим дурсгалыг шинээр нээж, 450 орчим агаарын зураг, 2 дардас, 18 GB гэрэл зургаар баримтжуулжээ. Олдворуудаас дурдвал, эртний 2 хэрэм, 1 шороон бумбагар, хүрлийн үеийн 46 дөрвөлжин булш, 31 хиргисүүр, Хүннү гүрний үеийн 180 гаруй булш, 60 орчим Монгол булш, 8 газраас хадны зураг, Түрэгийн үеийн нэг тахилын онгон, он цаг нь тодорхой бус 80 жижиг булш зэрэг багтана. Түүнчлэн өвөрмөц дүрслэл бүхий хүн чулуун хөшөөний хугархай болон Хятад бичээст хөшөөн хугархайг илрүүлэн баримтжуулж соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд авчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ