Д.Гантулга, Д.Мурат & Ким, Трамптай 7 хоног

Өнгөрөгч долоо хоногт улстөрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.

Улстөрд

Д.Оюунхорол: Бид хууль бус зүйлтэй хатуу тэмцэнэ

УИХ-ын эмэгтэй гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Оюунхорол "Эмэгтэй гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчид хандан УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн шийдвэрт хориг тавьж өгөөч ээ гэсэн саналыг хүргүүлсэн байгаа. Монгол Улсын Ерөнхий прокурорт энэ асуудал тогтоогдчихоод байна. Тийм учраас үүнийгээ шалгуул гээд байхад эсрэгцэн зогсож бидэнд сүр хүч харуулж байгаа нь бүдүүлэг үйлдэл болсон. Цаашдаа бид хүчирхийллийн гэмт хэрэг, хууль бус зүйлтэй хатуу тэмцэнэ” гэв.

Д.Мурат, Д.Гантулгыг авч үлдэх тогтоолд Ерөнхийлөгч хориг тавив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавьж, УИХ-ын шийдвэрт хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хүргүүллээ. Ерөнхийлөгчийн хоригт “Улсын Их Хурлын гишүүдийн холбогдоод байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлуудыг нэг мөр шалган, гэм буруугийн асуудлыг нь эцэслэн шийдвэрлэх боломжийг хуулийн байгууллагуудад олгох нь зүй ёсны хэрэг юм” гэсэн байв.

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргав

Сангийн сайд асан С.Баярцогт,"Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг шүүх гаргасан. Прокурорын газраас С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих хүсэлт ирүүлээд байсан юм.

Тэднийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр цагдан хорьж, түүнээс хойш хоёр ч удаа хорих хугацааг сунгасан юм. Сануулахад, Сангийн сайд асан С.Баярцогтыг оффшор дансны асуудлаар шалгаж, цагдан хориод байсан бол Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан шалгаж, цагдан хориод байсан юм.

Д.Мурат: Би огт гэмт хэрэг хийгээгүй, шалгуулахад бэлэн байна

УИХ-ын гишүүн Д.Мурат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Би үүнийг нь дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу бүгд хуулийн өмнө тэгш эрхтэй. Би шалгуулахад ч бэлэн байгаа. Удахгүй шалгуулаад буцаж орж ирнэ гэж бодож байгаа. Угаасаа надтай холбогдоод байгаа энэ хэрэг нь зохимол. Би огт гэмт хэрэг хийгээгүй. Шалгуулахад бэлэн байна. Ерөнхийлөгчийн хоригийг миний хувьд дэмжиж байна" гэв.

Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөхтухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд нийт 60 гишүүн оролцсоноос нууц санал хураалт явуулахад 45 гишүүний буюу 75 хувийн саналаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө.

УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ сарын 11-нд чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн бөгөөд ТББХ-ны өчигдрийн хуралдаанаар хүсэлтийг нь хэлэлцэж дэмжсэн юм.

"М.Энхболд УИХ-ын даргаасаа түдгэлзэх хэрэгтэй"

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Авлигатай тэмцэх газраас дуудсаны дагуу өчигдөр буюу баасан гарагт мэдүүлэг өглөө. Мэдүүлэг өгснийхөө дараа тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Би 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалыг хаших ёс зүй байхгүй гэж бодож байна. Тиймээс түүнийг сайн дураараа УИХ-ын даргаасаа түдгэлзэж, 60 тэрбумын хэргээр прокурор, АТГ-ын нэгдсэн дүгнэлт гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй. Тэр хүртэл би УИХ-ын чуулганы хуралдаан суухгүй" гэв.

Нийгэмд

"Монголд гурван эмэгтэй тутмын хоёр нь хүчирхийлэлд өртсөн байна"

Монголд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хэлбэр, тархалт, шалтгаан, үр дагаврыг тодорхойлсон судалгааны тайланг танилцууллаа. Судалгааг Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо хамтран хийжээ.

НҮБ-ын хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара “Энэ судалгааны хүрээнд нуугдмал байгаа хэргүүдийг тодрхой хэмжээнд илрүүлж чадсан гэж бодож байна. Судалгаагаар хамтрагчтай байсан нийт эмэгтэйчүүдийн 59.9 хувь нь амьдралдаа нэг болон түүнээс олон төрлийн хүчирхийлэлд өртсөн байна гэсэн тоо баримт гарсан. Энэ нь нийт эмэгтэйчүүдийн 3.2 буюу гурван эмэгтэй тутмын хоёр нь ямар нэг хүчирхийлэлд өртсөн байна гэсэн үг юм" гэлээ.

Паркийн тоглоом эвдэрч, дөрвөн хүүхэд эмнэлэгт хүргэгдэв

Лхагва гарагийн 14:50 минутын орчимд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Сансрын хөлөг” нэртэй тоглоом эвдэрч, дотор нь сууж байсан дөрвөн хүүхэд гэмтжээ. Энэ талаар ЦЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Паркийн “Сансрын хөлөг” тоглоом эвдэрч дотор нь байсан дөрвөн хүүхэд гэмтсэн гэсэн дуудлага ирсэн. Одоогоор хүний амь нас эрсдээгүй, дөрвөн хүүхэд бэртэж Гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдсэн. Бид хэргийн газар дээр шалгалт явуулж байна” гэв.

Дэлхийд

БНАСАУ, АНУ-ын анхны дээд хэмжээний уулзалт болов

БНАСАУ, АНУ-ын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт Сингапурт болж өндөрлөлөө. Энэ уулзалт хоёр шаттай болсон бөгөөд эхнийх нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын хоёулхнаа хийсэн уулзалт бөгөөд хоёр дахь нь өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хийсэн уулзалтюм.

Дээд хэмжээний уулзалтын хоёр дахь үе эхлэхийн өмнө удирдагчид хэвлэлийнхэнтэй харьцсаныг РИА Новости агентлаг уламжилжээ. Ким Чен Ун уулзалтыг тайлбарлахдаа, уулзалт гайхалтай болсон мэт санагдаж байна гэж мэдэгджээ.

Хөлбөмбөгийн ДАШТ эхлэв

Хөлбөмбөгийн ДАШТ Пүрэв гарагт Орост эхэллээ. Тэмцээний нээлтийн ёслол “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ арга хэмжээнд дэлхийн хошой аварга Роналдо, Британийн дуучин Робби Уильямс, Венийн дуурийн гоцлол дуучин Аида Гарифуллина нар оролцов.

Цэнгэлдэх хүрээлэнд ирсэн 80 мянга гаруй хүн арга хэмжээг үзэв. Тэдний дунд 20 гаруй улсын удирдагч, тухайлбал Оросын ерөнхийлөгч Владимир Путин байлаа.

Нээлтийн ёслолын дараа А хэсгийн анхны тэмцээн Орос, Саудын Арабын шигшээ багуудын тоглолтоор эхлэж тоглолтод Оросууд үнэмлэхүй хожлыг авч өрсөлдөгчөө 5:0 тэгээр хожлоо.

АНУ Умард Солонгосын цөмийн зэвсгээ хураах хугацааг нэрлэв

"Америкийн засаг захиргаа Умард Солонгосын цөмийн зэвсгийг хоёр жил –хоёр жил хагасын хугацаанд дорвитой хураахыг хүсч байна" гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгдэв. Ройтерс агентлаг энэ тухай мэдээлжээ.

Ингэхдээ БНАСАУ-ыг цөмийн зэвсгээ бүрэн хураах хүртэл АНУ энэ орны эсрэг хоригийг цуцлах бодолгүй байгааг онцлосон байна. “Бид цөмийн зэвсгийг бүрэн устгахыг шаардах бодолтой байна” гэж тэр тодруулан тайлбарлажээ.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ