93106060 утсанд хандаж 60 тэрбумын талаар мэдээлэл өгнө үү


Авлигатай Тэмцэх Газраас "60 тэрбумын" хэргийг 2017 онд шалгаж, хаасан талаар албан бичгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд ирүүлжээ. Энэ талаар тэрбээр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Миний бие АТГ-т хандаж "60 тэрбумын" гэх хэргийн талаар тодруулга хүссэн. Өнөөдөр АТГ-аас надад хариу ирлээ. Та бүхэнд АТГ-аас ирүүлсэн хариуг хүргэж байна.
АТГ-аас шинжилгээнд ирүүлсэн бичлэг нь эх хувь биш учир дуу авианы адилтгал хийх боломжгүй гэж үзэж ирүүлсэн материалуудыг буцаасан талаар дурдсан байна. Интернэтэд тавигдаж олон нийтэд хүрсэн 60 тэрбумтай холбоотой бичлэг дуу авианы бичлэгийг дуу дүрс болгож эвлүүлэг хийгдсэн гэдэг дүгнэлт гаргасан юм байна.
Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АНУ-д хөндлөнгийн шинжээчид өгч шалгуулахад гурван хүний дуу хоолой байна гэсэн бол гэрч н.Доржзодов таван хүн байсан гэж мэдүүлсэн.
Мөн 1,750 төрийн албан хаагчаас гэрчийн мэдүүлэг авахад хэн ч авилга өгч ажилд орсон гэж мэдүүлээгүй байна. Төрийн албыг үнэлж хахууль авах сонгуулийн мөнгө босгох тухай ярилцсан асуудлууд нь бодит амьдрал дээр хэрэгжээгүй болох нь тогтоогдсон тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан гэх дүгнэлтийг өнөөдөр надад өглөө.
Нээлттэй сонсголын тухай хуулийн дагуу бичлэг дээр байгаа нэр бүхий гурван хүн, гэрч н.Доржзодов нар болон бусад холбогдох талыг оролцуулан нээлттэй сонсгол явуулахыг уриалж байна.
Хэн нэгэн хүн албан тушаалд томилогдохдоо авлига өгсөн нь тогтоогдвол энэ хэргийг дахин сэргээх боломжтой. Тиймээс 93106060 утсанд хандаж энэ хэргийн талаар мэдээлэл өгөөч ээ гэж хүсмээр байна.
Мөн УИХ-ын дарга М.Энхболд та ёсзүйн хариуцлага хүлээж огцрох ёстой. Энэ бүх зүйл цэгцлэгдтэл та ажлаа өгнө үү. Энэ шаардлагаа өнөөдөр бичгээр өгөх болно" гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ