Д.Тэрбишдагва: Оюутолгойд 150 сая ам.долларын татварын зөрчил гарсан

Оюутолгой ордыг ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва "УИХ-ын Ажлын хэсгийн гишүүд Оюутолгой компанийн удирдлагатай ажлын байранд нь уулзалт хийж, шалгалт, чиглэл, шаардлагатай холбогдох дутуу материалыг шуурхай гаргаж өгөх, ажиллах боломжоор хангах, үйлдвэрлэлийн үйл явцтай газар дээр нь танилцах зэргээр хамтран ажиллалаа.
ЗГХЭГ, Эрдэнэс Монгол ХХК-иас Оюутолгойтой холбоотой мэдээллийг танилцуулсан. Иргэдийн санал хүсэлт мэдээллийг хүлээн авч, иргэдийн хүлээлтэд бодит хариу өгөхийг зорьж байна. Дэд ажлын хэсгээс 1500 хуудас бүхий танилцуулга, судалгааны материалыг хүлээж авсан. Эдгээр материалтай УИХ-ын Ажлын хэсэг танилцаж байна.
Бид нэгдсэн санал дүгнэлт гаргаж УИХ-ын удирдлага, Эдийн засгийн байнгын хороонд танилцуулна. АТГ-ын шалгаж байгаа материалтай танилцахаар хүлээж байна. Аудитаас хийж байгаа шалгалтын материалтай мөн танилцах ёстой. Хараахан дуусаагүй тул хүлээж байна.
Засгийн газраас шалгалт хийсэн. 10 хоногийн өмнө бичиг явуулсан ч хариу нь хараахан ирээгүй байна. Тэгж байж ажлын хэсгийн дүгнэлт гарна. Өнөөдөр эдийн засгийн байнгын хороо болж өгвөл УИХ-ыг энэ долоо хоногт завсарлуулахгүй эсвэл ээлжит хурал зарлаж, энэ асуудлыг танилцуулмаар байгаа.
Татварын акт дээр болон ажлын хэсгийн материал дээр 150 сая ам.долларын зөрчил гарсан.
Оюутолгойд 14,000 хүн ажиллаж байгаа гэсэн мөртөө хэд нь гэрээт, хэд нь үндсэн ажилтан нь ойлгомжгүй, цалин нь хүртэл нэлээд зөрүүтэй байсан. Гэрээгээр ажил гүйцэтгэгчдийг 14 мянган ажилтны тоонд оруулсан байдал харагдсан.
Өмнийн говийн зөвлөлийг Засгийн газар байгуулсан. Гэхдээ зөвлөлөө ерөөсөө шахаж шаардаж ажиллуулаагүй, нутаг орны ард иргэдийн сайн сайхны төлөө ажиллуулаагүй.
Томоохон ордуудын татварыг 20 хувь байсныг 5 хувь болгоно гэснийг хэвээр үлдээхээр байр сууриа илэрхийлсэн. Татварын багц хуульд яаран өөрчлөлт оруулахгүй гэсэн байр суурьтай байгаа.
Шинэ ирсэн удирдлагатай ярьсан. Цахилгаан станцыг хамгийн түрүүнд хийх ёстой ажил гэж хэлж байсан. Бид энэ асуудлыг хурц тавьсан. Дэлхийн хамгийн том нүүрсний орд Өмнийн говьд байна. Хамгийн чухал хэрэглэгч Оюутолгой байна. Яагаад цахилгаан станцаа барихгүй байгаа юм бэ гэхээр бид бэлэн байна, та нар дэмжиж өг гэсэн. Засгийн газар шийдвэрээ яаралтай гаргах хэрэгтэй" гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ