Тавантолгойн төслийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийж, гишүүдийн 83.1 хувиар баталлаа.

Үүгээр тогтоолын төслийг эцэслэн батлав. Засгийн газраас яаралтай дэгээр өргөн барьсан тул анхны хэлэлцүүлгээр батлах саналыг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан юм. Энэ дагуу өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв.

Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү “Эрдэнэс Монгол” компани байгуулагдаад 10 жил болж байна. Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэрэгжүүлэгч, ордуудын үйл ажиллагааг хариуцдаг. “Эрдэнэс Тавантолгой” 65 хувь, “Эрдэнэс Оюу толгой”, "Багануур", "Шивээ овоо", "Эрдэнэс метан", "Эрдэнэс шивээ энержи", "МонАтом", "Гашуун сухайд роуд" зэрэг компаниудын заримыг нь 100 хувь, зарим нь тодорхой хувиар эзэмшдэг” гэсэн мэдээлэл өгөв.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Тавантолгойн үйл ажиллагааг эрчимжүүлэхтэй холбогдуулж, ойрын хугацаанд дэд бүтцийг дэмжих тогтоолын төслийг дэмжиж байна. Харин Эдийн засгийн байнгын хорооноос гаргаж ирсэн “Эрдэнэс Монгол” компанийн 34 хувийг хувьчлах саналыг дэмжихгүй байна. Тавантолгойн ордын асуудлыг л бид хэлэлцэх ёстой. Яагаад эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг оруулж ирж байгаа юм бэ. Тооцоо, судалгаагүй хувьчлал оруулж ирээд ингээд хэлэлцэж болохгүй. Оруулж ирлээ гэхэд тооцоо, судалгаатай, орд бүрээр нь яриад журмын дагуу явах ёстой. “Эрдэнэс Монгол” компанийг хувьчлахаар түүнд харьяалагдаж байгаа бүх орд, компаниудын хувь яригдаж эхэлнэ” гэсэн байр суурь илэрхийлэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрдэнэс Монгол”-ын талаар Засгийн газар дээр яриагүй. Энэ компанийн бүх компаниудыг тус бүрээр нь оруулж ирж, Засгийн газар оруулж ирэх боломжтой. Судалгаа, тооцоогүй зүйл дээр яаж шийдвэр гаргах вэ. 1072 хувьцааны асуудал одоо болтол тодорхой биш байхад тооцоо судалгаагаа хийж, Засгийн газар дээр яриагүй зүйлийг ингэж оруулж ирж болохгүй. Намрын чуулганаар тус бүрээр нь санал оруулж хэлэлцэх хэрэгтэй. Тиймээс маргаанаа зогсоож, ханцуйны зармаар асуудал оруулж ирдэг байдлаа их хурал болих хэрэгтэй" гэв.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Бид энэ хардлага, сэрдлэгээ зогсоож, Засгийн газарт энэ зун бэлтгэл ажлаа хийх хугацаа олгох нь зүйтэй. IPO хийх төслийн хажуугаар дэд бүтэц, төмөр замын ажлаа энэ зун эхлэх боломжтой юу. Тавантолгойн нүүрсний экспортоо нэмэгдүүлэх хоёр дахь гарц бодож байгаа юу. Хар замын дэд бүтцийн ажил эхлэх үү. Цаг ашиглаад бүтээн байгуулалтаа эхлүүлэх нь зөв болоод байна” гэв.

Хуралдааны үеэр сөрөг хүчний гишүүд дараахь байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Том төслийг хөдөлгөх нь эдийн засгийн хувьд өгөөжтэй, нэг нам олонх байгаа дээрээ хийж байгааг ч дэмжиж байгаа. Засгийн газрын энэ байр суурийг дэмжиж байна. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд бүгдээрээ санал гаргаж, дэмжүүлэх ёстой. Газрын доорх баялаг ард түмний өмнө ард түмний өмчид өгөх заалтыг оруулж ирсэн. “Эрдэнэс Монгол” өнөөдөртөө нүүрс тээвэрлэдэг л жижиг компани болсон учраас үр ашгаа өгдөг, том компани болгохоор санал оруулсан. Нэгэнт харилцан тохиролцож оруулж ирчхээд оруулж ирсэн асуудлаа унагаад байвал яаж бусад асуудал шийдэгдэх юм бэ. МАН-ын жаахан дүн нуруутай байж сур л даа. Улстөрчид гэхээр л холбирдог, арчаагүй байж болохгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: УИХ-ын гишүүд ямар мэдээлэл муутай байдаг нь харагдаж байна. Би хуулийн төслүүдийг нэг бүрчлэн судалж, үзээд санал оруулсан юм. Энэ санал намуудын дунд маргаан үүснэ гэж бодсонгүй. “Эрдэнэс Монгол” компани өөрийн харьяалалд байгаа бүх компаниудаа төлөөлж, охин компаниудаа эргэлтэд оруулах ёстой. Гэвч өнөөдөр “Эрдэнэс МГЛ” компани Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг компани л болсон. Энэ заалтыг улс төргүйгээр энгийнээр ойлговол маш хэрэгтэй заалт.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Өнөөдрийн бидний гаргах шийдвэр бол олон жил уул уурхайн салбарт гацсан гацааг гаргах. Олонх нь улс төрийн шийдвэрт хүрээгүй байсаар ирснээс гацсан. УИХ-ын гишүүд үүний зөв бурууг шүүхгүй. Энэ тогтоол Засгийн газарт үүрэг өгөгдөж, Засгийн газар, ажлын хэсгийн хүрээнд АН-ын бүлэг хэлэлцэж, том алхам болно гэж улс төрийн ойлголцолд хүрсэн гэж бодож байна. Гишүүд ч гэсэн энэ талаас нь харах нь зүйтэй юм.Өнөөдрийн санал хураалтын дүн цаашид уул уурхайн том ордууд хөдлөх эсэхийг шийдэх шийдвэр болно. Түүнээс улс төрчдийн хэрүүлийн бай болоод өнгөрөх вий.

Түүнчлэн Ж.Мөнхбат гишүүн “Эрдэнэс Монгол”ын 34 хувийг хувьд шилжүүлэх нь буруу гэсэн байр суурь илэрхийлсэнд З.Нарантуяа гишүүн “Тарааж өгсөн материалаа сайн унш. Уншиж асуудлаар ойлгочихоод хүнийг хардаж юмярьцгаа” хэмээсэн юм.

Ингэснээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ажлын гурав хоногийн завсарлага авахыг хүслээ.

Үүний хариуд УИХ-ын дарга М.Энхболд “Энэ “Эрдэнэс Монгол”-ыг би үүсгэн байгуулж байсан. Одоо гишүүд З.Нарантуяа гишүүнийсаналыг унагаснаар харин ч та бүхнийг аврах болов уу гэж харж байна. Нэг асуудлаар дараалсан завсарлага авсан тохиолдолд УИХ-ын дарга хүлээж авах эсэхээ өөрөө шийддэг. Тиймээс завсарлагыг хүлээж авалгүй шууд санал хураалт явууллаа” хэмээснээр гишүүдийн олонхи дэмжив.

Ингэснээр тогтоолын төсөл эцэслэн батлагдлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ